2013 он: Тэргүүн байр Ж.ТЭГШЖАРГАЛ. “Өнөөдөр” сонин “Салхи биднийг хөтөлнө” цуврал “Луугийн атган дахь цаасан шувуу” цуврал

Жамъян-Очирын ТЭГШЖАРГАЛ

“Өнөөдөр” сонин

1990 онд төрсөн. 2012 онд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Оюутны ширээнээс сэтгүүлчийн албанд хүчин зүтгэсэн жилүүддээ авьяаслаг, ирээдүйтэй сэтгүүлч болохоо харуулж, “Эмч жараахайтай, эх дагинын нэртэй хотын хөдөө”, “Салхи биднийг хөтөлнө”, “Бээжингийн хиртэлт” зэрэг шилдэг бүтээл туурвисан. Тэрбээр оюутан байхаасаа “Балдорж сан”-гаас зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж байжээ.

Энэ удаагийн шалгаруулалтад Дорнодын Матад сум-Улаанбаатар хот-Турк улсаас бэлтгэсэн “Салхи биднийг хөтөлнө” цуврал нийтлэл, ӨМӨЗО-ноос бэлтгэсэн “Луугийн атган дахь цаасан шувуу” цуврал сурвалжлагаараа нэр дэвшиж 2013 оны БАЛДОРЖ шагналт сэтгүүлч болов.

 

 

№1. САЛХИ БИДНИЙГ ХӨТӨЛНӨ:

Аз жаргалаас арван цагийн зайд

Цаг мөчтэй тэрсэлдсэн гэмээр асар их хувьсал өөрчлөлтийн эрин цагт бид амьдарч байна. “Урьдын юм ул болов. Шинэ бүхэн зул болов” гэдэг шиг л. Мэдээжийн хэрэг, энэ хувьсал сайныг саартай нь сүүдэртээ чирсээр байгаа. Сайн сайханд тэмүүлж, саар мууд бүдрэвч хэзээ нэгэн цагт ямар нэг юманд хүрэхийн төлөө бид орондоо унтах завгүй мэт өрсөлдөн тэмцсээр. Монголыг, монголчуудыг цагийн салхи амсхийх чөлөөгүй ташуурдана. Яг л хүчит салхинд өөрийн эрхгүй туугдах мэт бид нүүж тээж, уруудаж өгсөх аж. Гол мөрөн, уул толгод дамжин нэвсийх энэ нүүдэл ямархан харагдаж буй бол. Олз, гарзын аль нь түлхүү вэ? Жирийн хэрнээ жир бусын гэмээр ийм амьдралаа тольдох гээд үзэв. Нөлөөгүй толинд юу харагдсаныг нэмж хачирлалгүй буулгалаа. Харин дүгнэлтийг нь хийх бүрэн эрхийг мэргэн уншигч Танд, өөрт чинь үлдээв.

Тэр мөрөөдлийн амьдралаасаа яг арван цагийн зайд буйгаа мэддэг байв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Хүн амынх нь тоо сая хол давсан, дэн дүү олон машинтай учраас замын түгжрэл хотынхны хувьд асуудал болж буй тухай мэдээ зурагтаар байнга л гарна. Хөдөөгийн иргэд хотыг зорих болсноор нийслэлийн гэр хорооллын айлуудын тоо хэрээс хэтэрч, нүүрсний утаа хотын агаарыг бохирдуулж байгаа талаар 17 настай Б.Хишигжаргал залхтал сонссон ажээ. Гэхдээ нийслэлчүүд энэ бүхэнд бухимдаж байгаа нь л түүнд хачин санагддаг байж. Дорнод аймгийн Матад сумын төвийн засмал замын урт нь таван км ч хүрэхгүй. Энэ зам дээр машин түгжрэх нь байтугай гурван машин зэрэг явахыг тэр харж байсангүй. Тийм болохоор замын түгжрэл гээч нь харин ч жигтэй сонин санагдаж, хот руу явах хүслийг нь бүр өдөөнө. Сүү- лийн хоёр жил сумын төвд шинэ айл нүүж ирэхийг тэр хараагүй хэрнээ эзэнгүй болсон хашаа, хоосон гэрийн буурь хаана хаана шинээр нэмэгдсэнийг андахгүй. Тэр “зугтагсад” хааш одсоныг ч мэднэ. Дорнод аймгийн Матад сумаас машинаар яг 10 цаг яваад хүрэх Улаанбаатар хот руу тэд явцгаасан. Цахилгааны шугам татсан хэдий ч сум эрчим хүчинд холбогдох хүртэл хоёр жил хүлээх шаардлага гарсан тэр үед сумынхан бүр ч олноороо дайжжээ.

Оюутолгой, Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орж, Монгол Улсыг гаднын хөрөнгө оруулагчид “Minegolia” хэмээн цоллож, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Нүүрсний Саудын Араб”, “Азийн шинэ бар” хэмээн бахдаж байх үед нийслэлээс 720 км-ийн зайтай байрлах Матад сум эрчим хүчний шугамд холбогдоогүй байлаа. Одоогоос гурван жилийн өмнө сумыг байнгын гэрэл цахилгаантай болгох яриа ажил хэрэг болж, гэрлийн шонгууд зоосон бөгөөд иргэд жигтэйхэн баярлаж, нэн түрүүнд зурагт, хөргөгч зэрэг цахилгаан бараа худалдан авч, зэхэцгээсэн байна. Гэвч нэг жил, ахиад нэг жил өнгөрөхөд мөнөөх шонгууд байрандаа байсаар атал эрчим хүч дамжуулж эхлээгүй байлаа. Энэ зуур дизелиэр ажилладаг жижиг оврын цахилгаан станц ажиллаж байв. Энэ жижиг станц 18.00–21.00 цагийн хооронд буюу сумыг ердөө гуравхан цаг цахилгаанаар хангана. Өдөржин налайсан сумын төвийн амьдрал энэ зуур буцлах бөгөөд хоолоо хийж, хувцсаа угааж, мөнөөх шинээр авсан цахилгаан бараануудынхаа шидийг үзнэ. Бас аймгийн төв, Улаанбаатарт байгаа найз нөхөд, хамаатан садан, танилуудтайгаа холбогдохыг чармайх нь тухайн үед суманд зөвхөн “Unitel”-ийн сүлжээ барьдаг байсантай холбоотой бөгөөд дизель станц ассан үед л мөнөөх нь идэвхжидэг байжээ. Матад сум 22.2 мянган хавтгай дөрвөлжин км буюу бүхэл бүтэн Бельги улсынхтай дүйцэх том газар нутагтай хэдий ч энд ердөө 2494 хүн амьдардаг. Зүүн өмнөд болон хойд хэсгээрээ БНХАУ-тай, бусад талаараа Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн, Халхгол сумтай хиллэнэ. Зэргэлдээх сумдыг бодвол Тамсагийн газрын тосны, Хөөтийн нүүрсний хоёр ч том ордтой бөгөөд хоёул эдийн засгийн эргэлтэд орсон хэдий ч сумынхны амьдралд арван жилийн өмнөх өөс өөрчлөгдсөн зүйл бараг үгүй.

18-35 насны залуучуудыг нь “Петро Чайна дачин Тамсаг”-т ажилладаг, малчин, ажилгүй гэж ердөө гурван бүлэгт хувааж болно. Учир нь сумын төвд захиргаа тойрсон нийт 20 орчим ажлын байр байдаг, гэрээрээ талх хийж зардаг ганцхан айлыг эс тооцвол жижиг, дунд үйлдвэр гэхээр зүйл байхгүй. Талхны үйлдвэртэй болсондоо сумынхан ихэд олзуурхдаг нь 2011 оны арванхоёрдугаар сарын 20- нд байнгын эрчим хүчинд холбогдох хүртлээ гэрийн боорцогноос өөр гурилан бүтээгдэхүүн иддэггүй байсантай холбоотой байх. Эл өдөр матадынхан улсын наадам болсноос ч илүү баяр хөөртэй байсан тухайгаа Б.Хишигжаргал надад ярьсан. Байнгын цахилгаантай болсон эхний хэдэн өдөр Матадын төвийн хөл хөдөлгөөн саарч, хүмүүс бүгд л гэр гэртээ бүгцгээн, эрчим хүчтэй байхын эрх чөлөөг эдэлцгээсэн бөгөөд түүний найзууд нь бүтэн 24 цаг тасралтгүй зурагт үзсэн тухайгаа нэгэндээ сайрхаж байсан гэнэ. Мөн тэр оройноо сумынхан бөөнөөрөө шахуу захиргааны үүдэнд шавж, Засаг дарга Ц.Наранцэцэгт баярласан сэтгэлээ илэрхийлжээ. Учир нь өмнөх Засаг дарга нар болон дөрвөн жилд нэг удаа үзэгддэг УИХ, Аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийн байнга ам гардаг ч, ажил хэрэг болгоогүйг тэр л гүйцэлдүүлсэн аж.

Өнгөрсөн наймдугаар сард уг суманд анх удаа очихоос өмнө Матад өнөө хэр цахилгаангүй байгаа гэж цөөнгүй хүнээс сонссон байлаа. Нар дөнгөж жаргаж байх үед сумын бараа үзэгдэв. Матад сумын гүн рүү ороход гэрэлтэй айл нэг ч харагдаагүй учраас өнөө хэр гэрэлгүй байгаа гэдэгт эхэндээ итгэв. Амралтын өдөр таарсан болохоор захиргааны байр хаалттай. Хамгийн түрүүнд таарсан хүний мэндийг мэдээд “Утсаа цэнэглэх гэсэн юм, танай суманд мотортой айл бий юү” гэж асуухад “Юу гэж байгаа юм, манай сумын бүх айл цахилгаантай. Манайд очоод утсаа цэнэглэчих” хэмээгээд гэр рүүгээ дагуулаад явлаа. Эрчим хүчний шугамд эрт холбогдсон бусад сумын иргэдийг бодвол матадынхан цахилгаангүй байхын зовлонг сайн мэднэ. Тиймдээ ч бүрэнхий нөмрөөгүй л бол гэрлээ мөд асаахгүй. Түүнийг Ч.Батсайхан гэдэг бөгөөд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хашаагаа банзаар нямбай гэгч нь тойруулж хатгасан боловч хаалга байх ёстой хэсгээ онгорхой орхижээ. Ер нь энэ суманд битүү хашаатай айл цөөн харагдсан нь мөнгөгүйдээ биш хот газрын аминчхан суртахуун суугаагүй, энэ хэрээр бие биедээ итгэдгийг нь харуулж буй хэрэг байх. Гэрт нь явж орвол том хүү нь зурагтын өмнө суугаад “Cartoon network” сувгаар англи хэлний хичээл заадаг хүүхдийн нэвтрүүлэг үзэж байлаа. Сумын төвийн ихэнх айл DDish-ийн тавган антентай болсон, үүгээр Монголын болоод дэлхийн 56 төрлийн суваг гардаг. Жаалхүү англи хэл мэдэх нь бүү хэл ердөө энэ жил сургуульд орж, “А” үсэг заалгах гэж буй. Гэвч Матад сумын монгол хүү үе тэнгийн бусад ази хүүхдийн адил дэлхийг хэрсэн англи хэл, америк соёлын “түрэмгийлэл”-д өртөж эхэлсэн нь энэ. Хэдийгээр зурагтаар чухам юу ярьж буйг ойлгохгүй ч тэдний хэлээр ярьж, тэдний эдэлж, хэрэглэж буйтай зэргэцэх хүсэл тархинд нь гүн бат шингэж буйг тэр яахин анзаарах билээ.

Монгол Улс Хойд Солонгос шиг хаалттай орон биш учраас мэдээллийг бүхий л сувгаар чөлөөтэй авдаг. Харин энэхүү чөлөөт мэдээллийн тэнүүлч салхи монголчуудын дээлийн хормойг сэвэлзүүлж, суугаа газраа тогтож ядах, шуудхан хэлбэл тоонотоосоо зугтах хүсэлд хөтөлж байна. Хөдөө, сум, аймаг, хот гэж ялгахгүй эрчим хүчинд холбогдож, телевизийн суваг барьдаг газар бүрээр энэхүү салхи сэвэлзэнэ. Хаашаа ч юм явчихмаар, сууж үлдсэнд орвол нүүсэн нь хожоотой ч юм шиг...

Цусанд нь буй нүүдэлчин араншин ингэж л сэрдэг бололтой. Нүүдэлчид богино хугацаанд мэдээлэлжиж, байгаа орчин нь “диваажин” биш гэдгийг гадарлаж эхэлснийг хөгжлийн хурд гүйцсэнгүй. Хөдөөгийн ихэнх суманд цаг хугацаа яг л 1970 он хүрээд зогссон мэт уйтай дүр зураг харагдана. Байнгын эрчим хүчтэй болсноос хойш Б.Хишигжаргал телевизээр Солонгос савангийн дуурь шимтэн үздэг болжээ. Гол баатрын өмссөн хувцас, хэрэглэж буй эд зүйлс, гэрийнх нь тавилга, өндөр шилэн барилгууд, дүүрэн модтой гудамж, замаар сүлжилдэх гоёмсог машин нь киноны үйл явдлаас ч илүү сонирхлыг нь татна. Энэ бүхэн эхэндээ охины сэтгэлийг соронзон мэт татдаг байснаа сүүлдээ уур цухлыг нь төрүүлдэг болов. Учир нь Солонгос кинонд гарч буй эдгээр дүрслэлээс Матадын амьдрал эрс ялгаатай байлаа. Сумын Соёлын төв хоёр жилийн өмнө үүдээ хаасан нь төсөв мөнгөгүй, дээр нь боловсон хүчингүй болсонтой холбоотой. АТМ, интернэт кафе, баар, тоглоомын талбай, кофе шоп зэрэг орчин үеийн суурин газрын хөгжлийг илтгэх байгууламжуудаас нэг нь ч үгүй. Матадад байхгүй зүйлсийг дурдсанаас байгааг нь тоолоход амар. Айлуудын гэрээс гадна хүнс, барааны 10 орчим дэлгүүр, талхны цех, халуун усны газар, шатахуун түгээгүүр, хоёр өрөөтэй зочид буудал, дунд сургууль, цэцэрлэг, банк, холбоо, Соёлын төв тус бүр нэг бий. Эндээ хамгийн өндөр барилга болох гурван давхар цэцэрлэгийн байшингаас сумын төв бүхэлдээ харагдана. Ердөө энэ хэдэн баримт л 17 настай охиныг бачууруулах хангалттай шалтгаан байжээ. “Телевиз тогтмол үздэг болсноос хойш би өдөр бүр Улаанбаатар руу явах тухай мөрөөддөг байлаа. Гэрэлгүй байх үед манай сумын хөгжил яагаад ийм буурай, ядруу байгаа тухай эргэцүүлдэггүй, бусдын амьдрал ер нь иймэрхүү л байдаг болов уу гэж боддог байсан” хэмээн тэрбээр хожим Улаанбаатар хотод ирсэн хойноо надад ярьсан юм.

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит есөн жилийн дунд сургууль 174 сурагчтай. Энэ жил ахлах ангийг 18 сурагч төгсөж, аравдугаар ангид дэвшихээр аймгийг зорьцгоожээ. Сумын сурагчид 16 насандаа аймгийг зорьж, хоёр жилийн дараа ихэнх нь хотод уулзацгаадаг байна. Б.Хишигжаргал ч мөн тэдний нэгэн адилаар аймгийн сургуульд дэвшихээр хүлээж байв. Хоёрхон жилийн дараа тэр оюутан болж, мөрөөдлийн Улаанбаатартаа дээд сургуульд суралцахаар очиж, машин түгжирч, дараалалд зогсдог завгүй хотын нэг эд эс нь болно гэхээс сэтгэл нь хөөрч буй нь илт. Гэтэл аймаг руу сургуульд явахаас ес хоногийн өмнө ээж нь гартаа МСҮТ-ийн танилцуулга барьсаар орж иржээ. Тэгснээ түүнд сайн, муу хоёр мэдээ дуулгав. Сайн нь түүнийг Улаанбаатар руу МСҮТ-д илгээх тухай, муу мэдээ нь маргааш өглөө тэр замд гарах ёстой боллоо.

№2. САЛХИ БИДНИЙГ ХӨТӨЛНӨ:

Улаанбаатарын магтуу

“Reuters” агентлаг саяхан цахим хуудастаа “Капиталист Монгол большевик Лениний хөшөөнөөс саллаа” гэсэн гарчигтай материал нийтэлжээ. Коммунист Оросын удирдагч асан Лениний хөшөө ардчилсан нийгмийг цогцлоож, хөгжил дэвшил өөд тэмүүлж буй шинэ цагийн хэмнэлд огтоос нийцэхгүй хэмээн Улаанбаатар хотын Мээр Э.Бат-Үүл үзэж, социалист үнэр ханхлуулсан дөрвөн метр өндөр эл саарал хөшөөг буулган, улмаар дуудлага худалдаанд оруулах тухай тэнд өгүүлж л дээ. Гэвч Монголын хөдөөд, тэр дундаа бидний очсон Матад суманд цаг хугацаа яг л 1970 он хүрээд зогссон мэт буурай дорой байгааг бид өмнөх нийтлэлдээ дурдсан. Харин ч социализмын үед монголчуудыг төвлөрлийн эсрэг нүүлгэн суурьшуулж байсны нэгэн жишээ нь тус сумын хүн амынх нь тоо одоогийнхоос хоёр дахин их байснаар нотлогдоно. Матадад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг “Энхтайван” нэгдэл ажиллаж байх үед хөгжил нь одоогийнхоос арай дээр байсан байх даа гэж бодов.

Шинэ сорилт

Эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж буй Ази тивийн төвд орших, уул уурхайн салбараа түшиж Австрали шиг хөлжих зорилго тээсэн Монгол Улсын зүүн хязгаарт бараг Бельгийнхтэй тэнцэх хэмжээний газар нутагтай энэ сум гэрэл цахилгаан юу ч үгүйгээр шинэ зууны босгыг давж, бүр саяхныг хүртэл таг харанхуй байсан гэхэд үнэмших хүн цөөн. Зөвхөн Матад гэлтгүй, Монголын бараг бүх сум, төвөөс алслагдсан за рим аймагт социализмын үеийн бай гууламж өнөө хэр хадгалагдан үлдсэн төдийгүй тэр цагаас хойш өндөр байшин бараг нэгийг ч бариагүй болохыг та олж харж болно. Хөдөөнөөс хотод нүүж ирээд удаагүй байгаа залуустай уулзахад машин замаар гарах, супермаркетаар үйлчлүүлэх, кино театрт орох, и-мэйл хаяг шинээр нээх гэхчлэн гийн олон сорилттой тулгарснаа ярьж байсан юм. Энэ бүхэнд дастлаа тэд эвэртэй туулай мэт бусдын анхаарлыг татаж, элэг доог болдгоо ч нуусангүй. Учир нь хотынхон хөдөөгийн хүмүүст хужаа иргэдийн нэгэн адилаар таагүй ханддаг. Сурвалжлагын маань гол баатар 17 настай Б.Хишигжаргал ч үүнийг тойрсонгүй. “Бушуухан сумаасаа гарч, хотын охин болчихвол бүх юм сайхан болно л гэж боддог байсан. Харин энд ирээд юунд нь тэгтлээ дурласан юм болдоо гэдгийг эргэцүүлж эхэлсэн” хэмээн тэр ярьж байлаа.

Цэнхэр тэрлэгтэй хамт орхигдсон үнэт зүйлс

Матад суманд очоод анх түүнтэй уулзахад үсээ нямбай гэгч нь сүлжиж, биеийн тамирын хослол жимбийтэл өмсөөд өсгийтэй гутал жийсэн, бас ногоон өнгийн оймс углачихсан нь надад содон харагдаж байсан юм. Харин түүнтэй хотод ирснээс нь хойш сар гаруйн дараа уулзахад бариу жийнсэн өмд өмсөж, богино цамцныхаа гадуур савхин хүрэмтэй ирсэн. Үнэнийг хэлэхэд эхэндээ таньсангүй. Хацрын улаан, өөртөө итгэлгүйг нь илтгэх байрагшуу алхаа нь л түүнийг хөдөөнөөс ирсэн гэдгийг илтгэхээс биш, хотын охидоос нэг их ялгарах зүйлгүй байлаа. Хотын амьдрал хөдөөгийнхөөс хэр ялгаатай байгааг болон энд ирээд ямар санагдаж буй талаар бид удтал ярилцсан юм. Б.Хишигжаргал нутгаасаа гарах яг тэр мөчид сэтгэл нь огтоос хоргодохгүй байс ныг одоо гайхширсан янзтайгаар эргэн дурссан юм. Болох юм болдгоороо л болж буй адил, харин ч айсуй ирээдүй нь, аравхан цагийн дараа хүрэх мөрөөдлийн хот нь охины сэтгэлийг соронзон мэт татаж, бүр хурдхан л очих юмсан гэж адгах хүсэлд хөтөлжээ. Бидний олонхийн ойлголтоор сайхан амьдрал гэдэг нь хөдөөгөөс хэр хол, хотожсон бүстэй хэр ойр буйгаар хэмжигддэг. Үүний нэгэн адилаар Матадаас хол явах тусам охиныг сайхан амьдрал руу тэр хэрээр ойртуулах учраас ийн адгах нь байж болох хувилбар юм. Хишигээ хот руу гарахдаа эмээгийнхээ оёж өгсөн цэнхэр дээлийг орхиж, харин хотын хүнд хэрэгцээтэй бүхнийг бэлтгэжээ. Гэртээ бол энэ цэнхэр тэрлэгнээсээ салах дургүй, заримдаа хичээлдээ явахдаа ч өмсөөд туучихдаг байж. Гэвч хотод дээлтэй явна гэдэг байж боломгүй хэрэг гэдгийг тэр мэдэж байлаа. Наанадаж л хөдөөгийнх гэдгээ мэдэгдэж шоолуулна. Ийн бодож сэтгэсний хэрээр хувцас хунар зэхэх хэрэг явдал амархан шийдэгдсэн ч томруулан харвал тэр монгол соёл, үнэт зүйлсээ дээлтэйгээ хамт орхисноо яахин мэдэх билээ. Хотын соёл хүнээс илүү аминчхан байдлыг нэхдэг юм шүү дээ.

Тооцоолоогүй хөгжил, төлөвлөөгүй эрсдэл

Монголын ихэнх аймаг, сум автозамын их, бага сүлжээнд холбогдсон атлаа төвүүдэд нь гэрлэн дохио байдаггүй. Гэсэн хэрнээ зам тээврийн осол бага гардгийн учир нь тэндхийн хүмүүс хоорондоо эвлэгхэн зохицдог, хотынхноос илүү хүлээцтэй хандлагыг эрхэмлэдэгтэй холбоотой байх. Хүмүүс хотод бөөгнөрөх тусмаа биенээсээ холддог, тээршээдэг бол цөөн хүн амтай аймаг, сумын амьдрал илүү дотносог, бас “халуун”. Сумынхан нэгнийхээ амьдралыг өөрөөс нь асуухгүйгээр мэддэг бөгөөд тэр хэрээр халамж, ан хаарал хандуулдаг. Хэрэг зоригоо үнэнээр хэлж учирлавал танихгүй байлаа ч хөдөөгийн ямар ч айл халуун хоол, цайгаар дайлж, гэртээ хонуулахаас татгалзахгүй. Харин хотод бүх зүйл хахир, хүмүүс нь үр гэлж “байл дааны бэлэн байдал”-тай явдаг. Алхам тутамдаа хүн биш автомат машинтай харьцах болсон хэтэрхий амьд бус амьдралын эл хэмнэлээ бид эмх цэгцтэй, соёлтой гэх үгээр эвтэйхэн тайлбарлачихна. Харин энэ бүхэн нь хөдөө суманд төрж, өссөн Б.Хишигжаргалын хувьд цоо шинэ орчин, мэдрэмж байв.

Хөдөөд хөгжил буурайн улмаас иргэд түүний нэгэн адилаар зугтах хүслээр өвчилсөн хэвээр. Монголын аймаг, сумдын хөгжил хэвэнд цутгасан мэт ижилхэн учраас зугтахдаа тэд нийслэлийг л зорьдог. Сүүлийн таван жилийн дотор орон нутгаас 140 мянган хүн нийслэлд ирж суурьшсаныг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тайланд дурджээ. Харин надад ганц л асуулт байна. Улаанбаатар тэгээд зугтан ирэгсдийн диваажин мөн гэж үү? Улаанбаатар хотыг анх Зөвлөлтийн мэргэжилтнүүд төлөвлөсөн гэдэг. 1911-1990-ээд он хүртэлх Монголын нийгэм, улс төрийн өнгөрсөн үйл явцыг аваад үзвэл хожим тусгаар тогтнох, өөртөө эзэн болж бие даах, улмаар дэлхийн бусад улсын адил хөгжих тухай төсөөлөөгүй мэт. Зарим түүхийн номонд бичсэнээр Улаанбаатарыг ажилчдын суурингийн зохион байгуулалтаар төлөвлөж, хойд хэсэг нь одоогийн Бага тойруу, урд хэсэг нь Зайсан толгой хүрч байхаар зураг төсөл гаргаж байжээ.

“Оросууд Улаанбаатарыг, бүр Монголыг өөрийн нэг хэсэг болно гэдэгт тухайн үед тун итгэлтэй байсан. Тиймдээ ч Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийг гаргахдаа “Энэ чинь улсын нийслэл шүү” гэж огт санаа тавиагүй санагддаг” хэмээн манай нэгэн нэрт ахмад улс төрийн зүтгэлтэн ярьсан юм. 1911 онд зурсан нийслэлийн план зургийг ажвал томоохон сүм, хийдүүдийг тойруулан монгол гэр жирийтэл өрсөн байх бөгөөд үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгууд сүндэрлэж, хожим засмал зам сүлжилдэх тухайд огт тооцоолоогүй нь илт. Улмаар 1948 онд Монголын анхны архитектор Б.Чимид хот төлөвлөлтийг шинээр хийснээс хойш өнөөдрийг хүртэл гурав, дөрвөн ч удаа хар ноорог үйлдсэн хэдий ч ямар ч өөдрөг төлөвлөгөө гаргалаа гээд энэ хотод 500 мянга хүртэл хүн л аж төрөх боломжтой гэсэн дүгнэлт гардаг байв. Харин өдгөө Улаанбаатар хотын хүн амын тоо 1.2 саяд хүрчээ. Эдгээрийн бараг тал нь шинээр нүүдэллэн ирэгсэд. Дээр хэлсэнчлэн хөдөөгийн бусад аймаг, сумын хөгжил ижилхэн буурай тул зугтахыг хүсвэл нэгмөсөн хотыг зорих нь тэдний хувьд хувилбаргүй сонголт юм. Харин эл сонголт эцэстээ нийслэлийг нүүлгэх үү, үлдээх үү гэсэн нэн эгзэгтэй хувилбарт хөтөлж байна. Өдгөө хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч буй. Сүүлийн арван жилийн дотор өнгөрсөн 100 жилийн түүхэнд барьсан бүх барилгаас ч илүү гарч мэдэх олон орон сууц сүндэрлэн босож, бүгд богино хугацаанд эзэнтэй болохтой зэрэгцэн хөдөөгийнхний урсгал идэвхжиж, гэр хорооллыг улам л тэлж байна. Гэр хороолол гэх нэршил “хөдөө ний” хэмээн хэн нэгнээ шоолдогтой маань ижилхэн “бүдүүлэг” сонсогддог болсныг бидний хэчнээн нь анзаарч буй бол? Хотод ирээд сар ч болоогүй хэрнээ Хишигээ хэдийнэ уйдаж эхэлсэн байлаа. Учир нь тэр хотод амьдарч буй ч жинхэнэ ёсоор хотын иргэн болоогүй. Гэлээ гээд хөдөө сумандаа байгаа мэт аяглаж болохгүй ацан шалаанд орсон нь ийн бодоход хүргэжээ. “Central tower”-ийн усан оргилуурын өмнө зургаа татуулж, үе тэнгийн бусад хотын залуусын нэгэн адилаар кино үзэж, бургер идэж, “Кока кола” ууж, нөхөрлөлийнхөө хүрээг өөрийнх нь хувьд цоо шинэ үзэл бодолтой залуусаар тэлсэн хэдий ч түүний мөрөөдөхдөө төсөөлсөн аз жаргал энэ биш байжээ. Гэхдээ буцаад сум руугаа явах бодол огт байхгүй. Сум нь түүний хувьд орхигдсон цэнхэр тэрлэгтэй нь адил болсон. Сумаас хот хүртэлх арван цагийн зайд байсан аз жаргал нь дулимаг, ийш ирэхийг учиргүй хүсэж байсан тэмүүлэл нь ердөө л ойворгон явдал болохыг тэр мэдэрч буйгаа ярьсан. Зугтах хүсэл нь урьд урьдынхаас ихээр оргилох болжээ. Хотод ирсэн болгонд хотын хүмүүсийн эдэлдэг аз жаргал өөриймсдөггүй аж. Мөнгөгүй, орон сууцгүй, зуслангийн хаусгүй, орлого багатай, ажилгүй хүнд хот бол там. Хотод баян ядуугийн зааг, асар их бөгөөд дунд нь хавчуулагдан амьдрахын төлөөх тэмцэлд бүх насаа үрж ч мэднэ.

Орон зайг эвхэн, нүүж хүрэх алсын алс газар түүнийг соронздон даллах мэт. “Тэнд л очвол цаг хугацаа хожиж, үтэр түргэн мөнгөтэй болно”. Зугтаж хүрэх дараачийн сонголт нь гадаадад гарч амьдрах гэдгийг тэр олж мэдсэн байлаа. Гадаадад гарч, их хэмжээний мөнгө олоод эх орондоо буцаж ирсэн өчтөчнөөн түүхийг тэр сонсохоороо нэг болжээ. Ийм түүх болгон түүнд бахдалтай санагдах болсны хажуугаар тийн явах зардал, мөнгөгүйдээ өөрийгөө дорд үзэх болсноо ч нуусангүй. Тэр гадаадад очиж ажиллаж, мөнгө олохын тулд хүмүүс ямар их зовлонг тэсэж гарах хэрэгтэй болдгийг огтоос гадарлахгүй байгаа нь илт. Эрүүл мэндээ золин байж авчирсан хэдэн төгрөг нь Монголдоо ирээд юу ч биш болсон түүхийг тэр яагаад ч юм сонссонгүй. Сонссон ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихсөн байхнээ ядахгүй. Сурвалжлага маань явсаар гадаадад амьдарч буй иргэдтэй очиж уулзах замд хөтлөв. Энэ зуур Б.Хишигжаргал Улаанбаатар хотын амьдралд хэрхэн дасч буй тухайг ч дараа дараачийн нийтлэлүүддээ хүргэх болно.

Турк орон. Хараар ажилладаг монголчуудын тоогоор БНСУ- ын дараа орох энэ улсад 1500 орчим монгол хүн бий. Визгүй, дээр нь шууд нислэгтэй учраас Турк руу явахад зовлон байсангүй. “Turkish airlines”-ийн ээлжит нислэг нэг ч сул суудалгүйгээр Улаанбаатараас хөдөлсөн бөгөөд зорчигчдын дийлэнх нь монголчууд байлаа. Аялах, эсвэл сурах зорилготой хэдхэн хүний дотор “харх” болохоор шийдсэн цөөнгүй хүн байх аж.

№3. САЛХИ БИДНИЙГ ХӨТӨЛНӨ:

Хархны даян

...Таксим гудамж, Истанбул хот. 00.15 цаг. 2012.09.07. Баасан гариг.

Хэрэв олны анхаарлыг илтэд татахуйц “галзуу үйлдэл” хийгээгүй л бол тэр Таксим гудамжаар холхиж буй хоёр сая хүний нэгэн адил сурталчилгааны самбар, түргэн хоолны цэг, цэнгээний газруудын харанхуй шөнийг ичээн гялбалзах лед гэрлийн дор, эл завгүй хэмнэлийн эд эс болон алхахад саадгүй. Гэвч анхнаасаа энд “шингэх”, тэгэхдээ хууль бусаар орогнох зорилго тавьсан тэрбээр хаанаас цагдаа гараад ирэх бол хэмээн бэмбэгнэж, эргэн тойрноо байн байн хулгайн нүдээр хялалзана. Монгол, Туркийн хооронд зорчиход визгүй болсон учраас тэр жуулчны шугамаар 30 хүртэл хоног энд хууль ёсоор байх боломжтой. Үүнээс ердөө 10 хоног өнгөрсөн ч тэр нэгэн оёдлын үйлдвэрт долоо хоног ажиллаад амжчихжээ. Ахиад 20 хоног өнгөрвөл тэр далдын хар малгай өмссөн мэт хэнд ч, хамгийн гол нь цагдаа нарын хараанд өртөхгүйгээр амьдрах ёстой болно. Яг л айлын гэрт нууцаар орогнож, бяслагтай хавханд хууртах хүртлээ амьдардаг харх мэт гэсэн үг.

Мөнөөхөн оёдлын үйлдвэрт илүү цагаар шөнийн 23.00 хүртэл ажиллаж, бие нь илтэд ядран сульдсан ч “хархны амьдрал” албан ёсоор эхлэхээс өмнө, энд байх хугацаа хүчинтэй байгаа дээр Истанбултай танилцах гэж яваа нь энэ.

Гуч хоног дуусчихвал ингэж ил тод алхах боломж хаагдана. “Дутуу идэж, гуцуу өмсөж явахаас залхсан учраас би энд ирсэн. Амьдралаа шинээр эхлэх гэж шүү дээ. Энэ бол миний эхний бөгөөд сүүлчийн сонголт” хэмээн “Sturbucks”-ын кофе шимэх зуураа тэр надад ярьсан. Намхан биетэй, хөрслөг бор царайтай, монгол хүн гэдгийг нь илтгэх навтгар хамар, онигор нүдтэй тэрбээр энэ жил 34 нас хүрч буй аж. Хожим элдэв асуудал үүсэхээс болгоомжлон түүний нэрийг өөрчилж, Цогтоо гэж нэрлэхээр болов.

Өдгөө манай улсын 107 мянган иргэн гадаадад ажиллаж, амьдарч байгаагаас Туркт 2645 монгол хүн бий. “Фэйсбүүк” цахим хуудаст байх “Турк дэх монгол оюутнууд” группт 855 залуу бүртгэлтэй бөгөөд тэдний ярьж буйгаар энд 1400 гаруй оюутан сурдаг гэх. Харин хөдөлмөрийн гэрээгээр болон албаны шугамаар ажиллаж буй хүмүүсээс гадна хууль бусаар ажилладаг 900 гаруй хүн байдаг юм байна. “Turkish airlines” агаарын тээврийн компани шууд нислэг үйлдэх болсноос хойш дээрх тоо эрс нэмэгдэж буй гэнэ.

Энд ирсэн монголчуудын дийлэнх нь оёдолчин. Өөр мэргэжилтэй хэдий ч ажил амархан олддогоор нь “аргагүйн эрхэнд” үйл мэтгэх болсон хүмүүс олон бий. Харин Цогтоогийн хувьд байдал арай өөр. Тэрбээр эхнэрийнхээ хамт “Дархан нэхий” компанид арав гаруй жил ажилласан. Дараа нь Улаанбаатар хот руу нүүж, хувийн хувцас захиалгын газарт ажиллаж байсан туршлагатай. Түүнийг хотод ирээд удаагүй байхад Дарханд хамт ажиллаж байгаад Турк руу гарсан найз, нөхөд нь ирэхийг зөвлөж эхэлж. Оёдлын ажил элбэг, цалин өндөр, дээр нь ажилд нэг ороод авбал хажуугаар нь халтуур хийх боломжтой хэмээн ятгана. Сардаа дээд тал нь 600 мянган төгрөг гар дээрээ авдаг түүнд эл санал гойд санагдаж байсан ч явчихаж зүрхэлдэггүй байснаа нуугаагүй.

Харин хоёр орны хооронд зорчиход визгүй, дээр нь шууд нислэгтэй болсны дараа Цогтоо нэг л өдөр Туркийг зорихоор шийджээ. Баянхошуун дахь хашаагаа, “Mark II” машинтайгаа зарж, таван ханатай гэрээ аавынхаа зуны амбаарт хурааж тавьчихаад, долоон настай хүүгээ тэдэндээ үлдээн эхнэртэйгээ хамт гараад туучихсан тухайгаа одоо инээдэм болгон ярьж сууна. Тэр хоёр Турк явахаар шийдсэнээс хойш ердөө тав хоногийн дараа “Чингис хаан” онгоцны буудалд, “Turkish Airlines”-ын ээлжит нислэгийг хүлээн зогсож байсан аж.

Их 20-ын орнуудын гишүүн, дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.07 их наяд ам.долларт хүрсэн, дэлхийн 16 дахь том “хэтэвч” бүхий Туркийн эдийн засаг эрчимтэй хөгжиж буй. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг дотооддоо үйлдвэрлэж, экспортолдог тэднийг “Европын хятадууд” хэмээх нь ч бий. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь ДНБ-ийнхээ 90.7 хувийг бүрдүүлдэг гэдгээр үүнийг баталж болно. Ялангуяа оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөр хөгжсөн бөгөөд өнгөрсөн жил 18.98 тэрбум ам.доллараар үнэлэгдэх оёмол бүтээгдэхүүн экспортолсон гэх тоо баримт байна. Гэвч хүн амынхаа тоогоор дэлхийд 18 дугаарт (74.7 сая) бичигддэг тус улсын ажилгүйдлийн түвшин Засгийн газрынх нь толгойн өвчин болсоор удаж буй. “Indexmundi.com” цахим хуудаст бичсэнээр бол ажилгүйдлийн түвшин нь 9.8 хувь бөгөөд 2.7 сая хүн ажилгүй, 12.6 сая хүн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой буюу ядуу гэсэн ангилалд багтдаг аж. Харин “Today’s Zaman” сонинд бичсэнээр бол эх оронд нь гадаадын хоёр сая орчим иргэн хууль бусаар ажилладаг бөгөөд Болгар, Румын, Сири, Иран, Ирак, Армян зэрэг хөрш зэргэлдээ, буурай хөгжилтэй орнуудаас ирэгсэд түлхүү байдаг гэжээ. Бас монгол ажилчин цөөнгүй. 1990-ээд оны эхээр Туркийн эдийн засгийн хөөс хагарч, үндэсний мөнгөн тэмдэгт нь болох лирийн ам.доллартай харьцах ханш 41000 хүрч байсан түүхтэй. Улмаар Засгийн газар нь эдийн засгийн хувьсгал явуулахдаа хувийн салбарыг ихэд дэмжиж, хариуд нь татварын хэмжээг үлэмж нэмсэн юм. Ийм учраас өдгөө Туркийн хувийн жижиг компаниуд татвараас зайлсхийхийн тулд гадаадын иргэдийг нууцаар, бага цалинтайгаар ажиллуулж эхэлжээ. Жишээ нь, Цогтоогийн ажилладаг сандлын бүрээсийн үйлдвэрт гэхэд захирлаас бусад дөрвөн ажилтан нь бүгдээрээ монгол аж. Истанбул дахь оёдлын үйлдвэрүүдийн бүрэлдэхүүн ер нь л иймэрхүү байдаг тухай монгол ажилчид ярьж байлаа.

Эх орондоо хүссэн цалингаа авч, тааваараа амьдрах боломжгүй үед л хүмүүс гаднын орныг зорьдог бөгөөд Монголоос визгүй зорчдог 16 орны дотроос БНСУ, Туркийг зорих нь элбэг. Цогтоо “Turkish airlines”-ийн онгоцоор таван цаг нисээд буухад л хангалттай цалин, сайхан амьдрал угтах мэтээр боддог байж. Заримдаа үүнээсээ болж бухимдах үе ч цөөнгүй гардаг байснаа тэр ярив. “Монголд байхдаа сар бүрийн сүүлийн өдөр би Турк руу явах тухай улам их эргэцүүлдэг байв. Учир нь манай цехийнхэн цалингаа сар бүрийн сүүлийн өдөр нэг дор авдаг байсан юм” хэмээгээд инээж байлаа. Харин Истанбулд ирээд арав хонохдоо эх орон руугаа буцдаг ч юм бил үү гэж орой бүр боддог болсноо бас ярилаа. Мармара тэнгисийн зөөлөн уур амьсгалд хөтлүүлэн буман хүн холхисон Таксимын талбайг бид орхив. Истанбулийн шөнө өдрөөсөө ч гэгээлэг, бас үзэсгэлэнтэй харагддаг. Өрнө, Дорныг зааглан урсах Мармара тэнгисийн дээгүүр хөлөг онгоцнууд гэрэл татуулан зөрөлдөх нь энэ дэлхийн хамаг л гайхам бүхэн нүдний өмнө зураглан байгаа мэт сэтгэл сэргээнэ. Гэвч эндээс холдон алхах бүрт, Истанбулын захад байх Цогтоогийн гэр рүү дөхөх тусам энэ хотын талаарх сайхан сэтгэгдэл сэмэрсээр л байв. Эгц, уруу хөшилдсөн тахир гудамжууд төөрдөг байшин мэт улам л замбараагүй болж эхэллээ. Цогтоогийнх энд байдаг. Таксимаас метрогоор 50 минут явж хүрэх эл газраас оёдлын үйлдвэр нь ердөө 10 минут алхах зайд бий. Хүчинтэй хугацаа нь дуусмагц тэр энэ хавиас барагтай л бол гарахгүй.

Истанбулд ирээд сар ч болоогүй учраас гэр нь тохижиж амжаагүй илт. 21 инчийн “Toshiba” зурагтаа чемодан дээрээ тавьжээ. Хөдөөгийн айлын пингээс томгүй эл өрөөний плитан шалнаа бас нэг эвдэрхий зурагт, хоёр хүний орноос өөр тавилга харагдсангүй. Хувцасны шүүгээгүйн улмаас хувцас, хунар нь чемодам дотроо л байх аж. Тэд гэнэтийн шийдвэрээр, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн энд ирсэн учраас турк хэл сурах нь байтугай интернэтээр орж, хүрэх газрынхаа тухай ч уншчихаагүй гэнэ. “Тэнэг зориг шүү” хэмээн гэрийн эзэгтэй энд ирсэн хойноо уулга алдаж байв. Зурагтаар гарах нэвтрүүлгийн хэлийг нь ойлгохгүй тэд угаас туркчуудын түр, тар гэсэн яриаг сонсох ч хүсэлгүй байгаа нь илт. Харин тэд ажлаа тарж ирээд зурагтынхаа өмнө чухалчлан байрлуулсан DVD уншуулагчаар Монголоос авчирсан кино хошин шог үзэх дуртай. CD-ний хайрцагт “Чиний эзгүйд” кино байсан нь сонирхолтой санагдаж, хоол хүлээх зуураа энийг үзье гэж санал болгов. Энэ кинонд Солонгост хараар ажиллахаар мордож, улмаар хараагүй болсон залуугийн амьдрал, хайр дурлалын тухай өгүүлдэг юм л даа. Монголоос гараад удаагүй, бас хараар ажиллахын хэцүүг гүн мэдэрч амжаагүй болоод ч тэр үү энэ кино сэтгэлийг нь нэг их хөдөлгөхгүй байгаа харагдсан. Магадгүй тэд дотроо өөрийг бодсон ч юм билүү хэн мэдлээ.

Энэ байшин гурван өрөөтэй бөгөөд хараар ажилладаг монголчууд хамт түрээслэдэг юм байна. Дундаа нэг л гал тогооны өрөөтэй учраас бүсгүйчүүд монголоос авч ирсэн борцоор гурилтай шөл хийгээд завгүй. Харин энэ зуур би Истанбулд ирээд гурван жил гаруй болж байгаа залуутай танилцлаа. Тэр мөн л гэргийнхээ хамт ирж, бусдын адил оёдлын үйлдвэрт ажиллаж байгаа. Гэхдээ Цогтоог бодвол турк хэл бага зэрэг гадарлана. Энд шинээр ирсэн Цогтоод юм болгон л сонин жигтэй санагдаж байгаа нь илт. Шинэхэн танилын маань амар заяаг үзүүлэхгүй элдэв зүйл шалгаана. “Цагдаатай халз таарчихвал яах вэ”, “Цагдаад баригдаад монгол руу буцсан хүмүүс хэр олон байдаг вэ”, “Туркчууд архи, дарс хэрэглэдэггүй гэдэг нь яг үнэн юм уу”, “Энд иргэншилтэй болж, хууль ёсоор амьдрах “нүх” бий юү” гэхчлэнгээр сонирхол татсан олон асуултаар булж эхлэв. Шинэ танилын маань баруун шуунд соёмбо бүхий шивээс байдаг учраас түүнийг цаашид Соёмбо гээд нэрлэчихье. Хал цэрэг гэдэг шиг энд ирээд удсан учраас Туркийн хар, цагаан амьдралыг тэр сайн мэднэ. Тэр цагдаад гурван баригдаж, туркчуудтэй нударга зөрүүлж, гуяндаа хутгалуулсан зэрэг адал явдалтай киноноос ч сонирхолтой түүх ярьсныг нь дараачийн дугаартаа сийрүүлье.

Соёмбоор бид Истанбулд байдаг монголчуудын нууц караоке хаана байдгийг заалгаж авлаа. Бас нэг чухал мэдээ. Түүний танил монгол бүсгүй турк хүнтэй гэрлэж байгаа бөгөөд, хараар ажилладаг монголчууд хуримын урилга гарджээ. Туркчууд хуримын ёслолд онцгой ач холбогдол өгдөг учраас хүргэний талаас л гэхэд 140 орчим хүн ирэх сураг гарсан байтал монгол бэргэнд хараар ажилладаг бусдыгаа урихаас өөр сонголтгүй үлдээгүй нь энэ аж. Соёмбо надад хуримын урилга олж өгнө гэж амлалаа.

№4. САЛХИ БИДНИЙГ ХӨТӨЛНӨ:

Шальвартай монгол бүсгүй

“Бид бүгдийг төрийн минь сүлд ивээг...”. Байдаг газрыг нь зөвхөн монгол хүмүүс л мэддэг, гаднаа энэ гэчих таних тэмдэг, хаяггүй караокений хананд ийм бичиг бүхий Монгол Улсын төрийн далбаа хадаастай байх үүдээр нь анх ороход л содон тусав. Хүний нутгийн хүйтэн хандлагад жиндэхдээ монголчууд маань энд цугларч, дуулж тайтгардаг ажээ. “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна...” гэж хоолой нийлүүлэх нь гунигтай.

Эндхийн оёдлын үйлдвэрүүд хагас сайн өдрийн үдээс хойш хүртэл ажиллаад, бүтэн сайнд амардаг. Тэгмэгц манайхан энд л цуглардаг юм билээ. Байнга ирсээр тэд бие биенээ бүр нүдэлчихсэн. Хэн нэг нь Монгол руугаа буцжээ гэсэн сураг дуулдвал тэдний төлөөнөө хундага харшуулан ахиад л дуулна. Монголоос авчирсан архи ууж, халамцсан нэг нь ширээн дээр гарч төрийн далбаанаасаа адис авна, цугаараа тойрч зогсоод төрийн дууллаа дуулна, уйлна. Найман зууны урьд Монголын эзэнт гүрний эзэмшил нутгийн баруун хязгаар байсан энэ оронд өнөө энэ жижигхэн оромж л бидний мэдэлд үлджээ.

Хоолны цэсэнд буузнаас өөр сонголт алга. Гэвч долоо хоногтоо л барааг нь хардаг болохоор үүнээс залхах шинжгүй. Бас Монголоос авчирсан архи, шар айраг, ааруул сэлт бий. Оюутнууд ирж, очихдоо энд бараа нийлүүлж, бяцхан бизнес эрхэлдэг гэсэн. Зааланд гурван ширээ, хэдэн сандал байх бөгөөд үүнээс гадна хоёр VIP өрөөтэй. Гэвч монголчууд бөөнөөр цуглахаараа VIP өрөөний хаалгыг цэлийтэл нээчихээд тойрч суугаад дуулна. “Монголын үнэртэй салхи”, “Харийн нутаг давчдаад байна”, “Монгол Улсын Төрийн дуулал” зэрэг дууны үгийг ч харахгүйгээр цээжээр мэддэг юм билээ. Хараар ажилладаг монголчууд уулзахаараа юу ярьдаг бол гэж их л сониучирхаж байв. Харин тэд уулзмагц ам.долларын ханш Монголд хэд байгааг ярилцаж эхэлсэн нь уйтгартай санагдсан. Гэвч тэдний хувьд энэ мэдээлэл гойд чухал. Учир нь долоо хоног бүрийн хагассайнд цалингаа турк лирээр аваад ам.доллараар солиулж, нааш нь явуулдаг. Хэрэв Монголд ам.долларын ханш унавал тэдний хөлс хүч хий дэмий салхинд хийссэнээс ялгаагүй болохоор тэр. Аз болж есдүгээр сарын эхээр буюу намайг тэдэнтэй уулзах үед төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1400 хүрч өссөн байв. Харин тэр өдөр Соёмбоо бусдадаа ам.долларын ханш өссөнөөс ч чухал мэдээ дуулгасан нь удахгүй болох монгол эмэгтэйн хуримын зар байлаа.

Үл таних зочид

Турк бүсгүйчүүдийн үндэсний хувцас шальвар түүнд сайхан зохьжээ. Том том алтан зүүсгэлээр гоёсон байгаа нь чинээлэг айлын бэр болж буйг илтгэнэ. Учир нь туркууд хуримын ёслолд гойд ач холбогдол өгдөг бөгөөд хадам тал нь бэрдээ кг-аар хэмжигдэх үнэт эдлэл бэлэглэдэг уламж лалтай аж. Хүү нь монгол бүсгүйтэй гэрлэж байгаа ч харь нутгийн бэр шүү гэж хатуурхаагүйд нь баярлаж суулаа.

Хүргэний талаас 140 гаруй хүн иржээ. Харин бэрийн талыг төлөөлөх хүмүүст зэхсэн ширээ эл хуль. “Бэрийн даамал” гэгчээр оёдлын үйлдвэрт хамт ажилладаг монгол залуу зогссон бөгөөд бүсгүйн хамаатан садан гэхээр хүн нэг ч байгаагүйн учрыг асуух зориг хүрсэнгүй. Бэрийн талыг төлөөлөхөөр хараар ажилладаг таних, танихгүй 30 орчим хүн цугласан нь хэлж зүрхлээгүй асуултын минь хариу байж ч болох. Хэн нэг нь намайг сонины сурвалжлагч гэдгийг түүнд хэлсэн бололтой. Хөөгдөөгүй юм шүү, гэхдээ би эл ёслолоос гарахаас өөр аргагүйд хүрэв. Дараа нь харин Соёмбоогоос асуухад энд хараар ажилладаг монголчууд Турк хүнтэй гэрлэж байж л иргэншилтэй болдгийг тайлбарласан. Оёдлын үйлдвэрт ажиллах гэж бүсгүйчүүд голцуу ирнэ. Нуугдаж, нугдайж явахаас залхсан цөөнгүй монгол эмэгтэй турк хүнтэй гэрлэж, иргэншил авсан тухай хараар ажилладаг хүмүүсийн амнаас сонсож байв.

Цагдаатай халз тулсан нь

Туркт байх хугацаанд Соёмбо надад газарчилж байсан учраас бид хамтдаа гэр рүүгээ буцлаа. Ажлын өдрүүдээр бол буцалж байдаг Истанбулийн гудамжууд амралтын өдрүүдээр энд хүмүүс аж төрдөг юм уу гэж асуумаар эл хуль болчихно. Гэвч энэ аниргүй байдал л тун осолтой хэмээн тэр сануулав. “Биднийг хэн нэгэн дуудвал эргэж харахгүйгээр, намайг дагаад гүйнэ шүү. Аль болох замын хажуугаар яв. Туркууд халуун цустай хүмүүс учраас тэдэнтэй шөргөөцөлдөх аюултай. Хэрэв тэд гадаадын иргэн, тэр тусмаа хууль бусаар амьдарч байгааг мэдчихвэл том, багагүй дээрэлхэх гэнэ. Учир нь элдэв асуудал гарвал цагдаа чамайг хамгаалахгүй. Харин ч цагаач иргэн гээд шууд барьчихна” хэмээн сануулаад цааш ийн ярив. “Манай хөршүүд намайг хараар ажилладаг гэдгийг мэднэ. Гэхдээ сайн танилцаад авсан учраас гайгүй ханддаг юм. Туркчууд “Их мөнгөтэй байснаас сайн хөрштэй байсан нь дээр” гэж ярьдаг болохоор ч тэр байх. Нэг удаа архи уугаад эхнэртэйгээ түр тар гэв ээ. Нэлээн л чимээ шуугиан гаргасан юм шиг байгаа юм. Гэтэл тэд ойролцоох цагдаагийн газарт мэдэгдээд манай гэрт юу юугүй хоёр цагдаа ороод ирсэн. Баривчлах юм гэнэ.

Амьдрах визгүй, хараар ажиллаж байгаа болохоор улайм цайм цагдаатай халз тулсандаа, архи ч дороо гарчихсан. Аз болж бичиг баримт шалгаж завдаагүй байхад нь хөршүүд өөрсдөө орж ирээд, гомдлоо буцааж аминд орсон. Дараа нь уулзахад намайг айлгая л гэж бодсон юм билээ. Харин өнөөх хоёр цагдаа намайг нүдэлчихээд гэрт маань хэд хэдэн удаа ирж баривчилна, нутаг руу чинь буцаана гэж сүрдүүлсэн. Бид хоёр сарын цалингаа өгч байж тэднээс мултарсан” гэлээ. Үүнээс ч дор зүйл түүнтэй цөөнгүй тохиолдож байжээ. Турк эрчүүд ер нь л хүүхэмсэг талдаа. Эхнэртэйгээ хамт гудамжаар явж байхад нь хажуугаар зөрсөн залуус хөх, бөгснөөс нь базаад авах энүүхэнд. Хараар ажилладаг л бол тэнд хүн биш шахуу учраас тааваараа шоглодог аж. Өөдөөс нь эсэргүүцвэл цагдаад өгнө шүү гэж сүрдүүлдэг гэж байгаа.

Нэг удаа Соёмбоо тэсгэл алдаад эхнэрийг нь шоглосон залуутай заамдалцаад автал чаргууцалдсаар булан руу шахаад гуян тус газар нь хутгалаад зугатаажээ. Хараар ажиллаж байгаа хүн цагдаа, эмнэлгийн хаалгаар шагайх боломжгүй. Тэр өөрөө өөрийнхөө хөлийг боогоод, хоёр долоо хоног ажлаасаа чөлөө авч, шархаа эдгэтэл гэртээ бүгсэн ажээ. Ийн ярилцсаар бид мөнөөх л эгц, уруу тахиралдсан гудамжуудаар дайрч гэрт нь иртэл огтоос тааварлаагүй “зочид” үүдэнд нь хүлээж байлаа. Хөршүүд нь ч тэдгээр зочидтой нэгдсэн байхыг хараад бид хоёул ямар нэг муу зүйл болсныг дорхноо гадарлав.

№5. САЛХИ БИДНИЙГ ХӨТӨЛНӨ:

Төгсгөл

Истанбул, Улаанбаатар хот таван цагийн зөрүүтэй. Харин хөгжлийн хувьд тэд биднээс бараг л хагас зуунаар түрүүлж дээ гэсэн бодол тээсээр нутаг буцлаа. Истанбулыг зорих замд онгоцны зорчигчдын дийлэнх нь монгол хүмүүс байсан бол буцахад бүрэлдэхүүн нь эрс өөрчлөгдсөн байв. “Lonely Planet: Mongolia” гэсэн ном барьсан гадаадынхан л дүүрэн. Хөгжил дэвшилд тэмүүлэх хил хязгааргүй хүсэл тэднийг маань Туркт аргамжин хоцорчээ. Цогтоогийн Туркт албан ёсоор байх 30 хоногийн виз дуусахад яг 13 хоног үлдсэн учраас тэр эмээх зүйлгүйгээр намайг Ататюркийн олон улсын нисэх онгоцны буудал руу хүргэж өгсөн. Харин түүний гэргий болон Соёмбо өглөө нь надад борцтой шөл хийж өгөөд, салах ёс гүйцэтгэн ажилдаа явцгаасан юм. Тэд өглөө бүр ажилдаа гарахын өмнө арцаар биеэ нар зөв гурав тойруулцгаадаг бөгөөд зам зуур цагдаатай таарахгүй байх дом юм болов уу гэж дотроо бодов. Би ч мөн адил Монгол руу нисэхийн өмнө арцаар биеэ утсан.

Хил, хязгааргүй хүсэл

Хуримаас тарж ирдэг өдөр гэрт нь цагдаа нар дахин ирж, мөнгө нэхсэн болохоор Соёмбоогийн сэтгэл санаа сайнгүй л байсанд одоо ч миний сэтгэл зовсон хэвээр. Туркийн цагдаа нарт нэг л нүдлэгдчихвэл амар заяа үздэггүй бөгөөд тэр өдөр хөршүүд нь гэрийнх нь үүдэнд цуглаж, Соёмбоог өмөөрсөн хэдий ч дийлээгүй. Тэд 250 лир (190 орчим мянган төгрөг) буюу бараг л долоо хоногийнх нь цалинтай дүйцэх хэмжээний хахуул авч байж салсан юм. Цагдаа нар хэзээ дахин ирэх бол, 30 хоногийн виз нь дуусвал Цогтоо ч мөн адил сарын цалингийнхаа багагүй хувийг цагдаа нартай хуваалцах болно доо гэхээс буцах замд нойр хүрч өгсөнгүй. Гэтэл үл ялигхан илүү цалингийн төлөө ийм их зовлон, бэрхшээлийг туулдаг болохыг гадарлаа ч үгүй яваа Б.Хишигжаргал боломж л олдвол гадаадыг зориход сэтгэл зүйн хувьд бэлэн байгаа. Монголд ирээд түүнтэй дахин уулзахад хичээлийнхээ хажуугаар солонгос хэлний сургалтад суухаар шийдэж, ээж ааваасаа төлбөрийн мөнгө хүссэн тухайгаа ярив. Би гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн тухай өөрийн нүдээр үзсэн болгоныг түүнд хуваалцсан. Гэсэн ч тэр “Хүн болгоны хувь тавилан адилгүй шүү дээ. Магад намайг гадаадад гарвал сайхан ажил таарч, их мөнгө олох аз тохиох ч юм билүү” гэж хариулсан юм.

Соёмбоо, Цогтоо, түүний эхнэр, ер нь гадаадад ажилахаар явж буй хүн бүр л түүн шиг өөдрөгөөр сэтгэж, ахиад нэг л алхвал аз жаргал яг бий гэж боддог байх. Гэвч сугалаа авсан хүн бүрт хонжвор таардаггүй шүү дээ. Шинэ цагийн нүүдлийн жимээр явсан сурвалжлагынхаа турш би нийт 6180 км зам туулжээ. Энэ зуур надтай дайралдсан, миний уулзаж ярилцсан хүмүүсийг зугатах хүсэл л нэгтгэж байв. Байгаа газраас нь илүү сайхан амьдрал хаа нэгтээ бий гэж сонсвол тэд маань хаачхад ч бэлэн. Дэлхий гэх ганцхан эх газарт амьдарч буй ч улс, үндэстэн болж хуваагдсаны хэрэг юу билээ амин хувийн асуудлаа л илүүд үзэх нь мэдээж. Гэтэл Монголоос хүн бүр явахыг хүсэх болж, үүнийгээ ч гүйцэлдүүлж байхыг нүдээр үзсэнээс хойш энэ орны ирээдүй хэний гарт байна вэ гэсэн хоржоотой асуулт намайг шаналгах болов. Өдгөө Монголд уул уурхайн салбар эрчимжиж, бүтээн байгуулалтын ажил дөнгөж л эхэлж байна. Гэтэл Цогтоо шиг, Соёмбоо шиг залуус гадаадад харх мэт харанхуй гудамж бараадан нуугдаж, нугдайж явахыг илүүд үзээд явав. Гэтэл эсрэгээр гадаадын ажилчид Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүд болон барилгын салбарт ажиллахаар, Монгол Улсыг боломж гэж хараад ирж байгаа нь нэгийг хэлэх шиг. Дэлхий нийтээр Монголыг “Азийн шинэ бар” болно хэмээн харж байхад монгол залуус юу хүсэж гадаадыг зорьдог юм бэ.

Үлгэрийн төгсгөл

Социализм, коммунизмын үлгэрийн сүүлчийн он жилүүд дуусаж, “Зах зээлийн нийгэмд л шилжчихвэл бүх юм өөгүй сайхан болчихно” гэсэн хүрэх газар, онох байтай байсан бол одоо бидэнд юу ч алга. Ийм жингүйдэл хэр удаан үргэлжилж, өнөөгийн монголчуудын нүүдэл хаана хүрээд зогсох бол. Энэ асуултын хариуг бидний хэн маань ч үл мэднэ. Гэтэл төр, засгийн эрхмүүд 20 жилийн дараа Монгол Улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж, нэг хүнд ногдох ДНБ- ний хэмжээгээр барууны орнуудынхтай ижилхэн болно хэмээн сурталдаж байгаа нь бодит амьдралын хил шугамаас хэтэрхий хол давхисан мөрөөдөл гэдгийг очсон газар бүртээ мэдэрч байв. Өндөр шилэн барилгууд хөшилдөх Улаанбаатараас гармагц орхигдсон сумд, хөгжил хүлээж цөхсөн уйтай саарал байшингууд дайралдана. Сумын төвийн амьдрал бусадтай харьцуулбал удаан, энд ер нь хүн амьдардаг юм уу гэмээр нам жим.

Хотын дугаартай машин явбал хөдөөгийн хүүхдүүд дагаад гүйдэг нь ч хэвээр. Энэ хэсэг газар 20 жилийн дараа барууны хот, суурин лугаа хөгжинө гэж итгэхэд бэрх. Улаанбаатарын хүүхдүүд хичээлдээ таксигаар ирж, үнэтэй брэндийн сүүлийн үеийн загварын хувцас өмсөж, дэвтэр биш зөөврийн компьютер дээрээ хичээлээ хийж байхад эндээс 720 км-ийн зайд байх сумын төвийн хүүхдүүд өвлийн хүйтэнд хацраа хайруулан байж сургуульдаа ирээд, жижүүр сурагч нь галаа түлж ангиа дулаацуулсны дараа хичээлээ эхэлдэг. Тэд даарахгүйн тулд хичээл дээрээ хөвөнтэй тэрлэгтэй сууна. Нэг улсын, ижил насны хүүхдүүдийн хоёр өөр амьдралын төрх, эрс тэс ялгаа өнөөдөр ч хэвээр байгааг эндээс харж болно. 20 жилийн дараа тэд ямар хүмүүс болцгоох бол.

Амьдралын түвшин, үзэж харсан бүхнээр адилхан байж чадах болов уу. Сумын төвийн айлуудын цонхноо хаашаа ч юм тууштай ширтэж, гансарсан царай олныг харж байв. Хотын хүмүүс цонхоороо яаран алхах хүн урсгал, замаар нисэлдэх машины цуваа гэхчлэн завгүй хэмнэл, хөдөлгөөнийг тольддог бол хөдөөгийн иргэд дүнсгэр байшин, уйтгартай гэгч жирийсэн банзан хашаанууд, эсвэл зүгээр л юу ч үгүй нүцгэн тал руу хараа сунгадаг. Тэд ийн суухдаа чухам юу бодож, юу хүлээдэг болоо гэдгийг би үргэлж мэдэхийг хүсдэг байв. Магадгүй тэд ямар нэг өөрчлөлтийг л хүлээж суудаг болов уу даа. Амьдралын нөхцөл нь тэнгэр газар мэт ялгаатай байхад бид тэднийг хөдөөнөө амьдар гэж ятгах нь зөв үү. Эсвэл тэднийг нийслэлд ир ээ гэж уриалах уу. Америкт, эсвэл Туркт амьдралын түвшин Монголын сумаас ч, нийслэлээс ч дөнгүүр байдаг. Тэгвэл хамтдаа тийшээ нүүх юм уу.

Эцэст нь

Сурвалжлагын маань баатрууд бүгд л хүсэл, мөрөөдлийнхөө төлөө нэг алхам хийжээ. Матад суманд малтай, орон гэртэй, өмчлөх газартай байсан гэрээ орхиж Б.Хишигжаргал Улаанбаатарт ирээд “Долоон буудал”-д түрээсийн байшинд амьдарч буй. Хотын иргэншил аваагүй тэрбээр оюутан нэртэй сул иргэн болов. Хотыг завхруулж буй гэж бидний адалдаг хөдөөгийн хүмүүсийн тоог л нэгээр нэмэв. Харин Улаанбаатарт таван ханатай гэртэй, “Mark II” машинтай, тогтсон ажилтай, эхнэр хүүхдийн хамт халуун дулаан амьдарч байсан Цогтоо энэ бүхнээ орхин Туркийг зорьсон. Гэвч тэнд халаалтгүй умгар өрөөний хүйтэн плитан шалан дээр унтаж, хүн амьтанд харагдахгүй дальдчин амьдрах тохиол түүнийг угтсан. Одоо тэгээд яах вэ? Энэ асуултыг би хоёуланд нь тавив. Б.Хишигжаргал солонгос хэл сураад, яадаг ч байсан Өмнөд Солонгос руу гарч амьдарна гэж хариулсан бол Цогтоо буцахад хэдийнэ оройтсон учраас эндээ ажиллаж, хангалттай мөнгө цуглуулсан үедээ Монгол руугаа явна гэлээ. Тэд хоёул энэ хариултдаа туйлын итгэлтэй байсан юм.

Хотод ирсэн хойноо Цогтоотой интернэтээр дахин холбогдоход визний хүчинтэй хугацаа нь дууссан тухай дуулгасан. Түүний байгаа газрыг цагдаагийнхан хэдийнэ нүдэлсэн учраас өөр газар руу нүүхээр шийдсэн гэнэ. Нийтлэлийнхээ төгсгөлд өөрсдийнхөө амьдралын тухай үнэн төрхийг, үзэл бодлоо цааргалалгүй илэрхийлж, цаг гаргаж байсан ярилцагчиддаа талархаж буйгаа илэрхийлье. Хөгжлийн салхи та бүхнийг хүссэн амьдралд тань хөтлөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсье.

ЛУУГИЙН АТГАН ДАХЬ ЦААСАН ШУВУУ

Цуврал нийтлэл 1

Хөх хот. Эндхийн тэнгэр эрт хэзээ нэгэн цагт хөхрөн тунарч байсныг, энэ газар тэгэхэд Их Монгол гүрний нэг хэсэг байсныг гэрчилж байг гэсэн шиг уугуул нэрээ ер хөндөлгүй явсаар өнөөдөртэй золгосон Өвөрмонголын өөртөө засах орны нийслэлийн төв талбайг тойрсон өндөр саарал байшингуудын оройгоор тааж үл мэдэх танил биш ханзууд ярайжээ. Тэр дороос юунд ч юм яаран зөрөх хүн урсгалыг сэтлэн, өөд өнгийвөл өнгө өнгийн цаасан шувуу тэнгэр эмжин нисэлдэх нь үзэгдэв. Эдийн засаг нь өндрөөс өндөрт дүүлэн нисэж буй Өвөрмонголын өөртөө засах орны үсрэнгүй хөгжлийг энэ дүр зургаас харж болмоор. Өрсөн хасаа шиг, асар том эвлүүлдэг тоглоом шиг энэ хотод өндөр өндөр барилгууд нь цаасан шувууны нисээд хүрэх газрыг хэмжин, өөр өөрөөсөө өрсөн ургасаар л байна. Гэвч энэ бол Өөртөө засах орон, энэ бол их гүрэн Хятадын нэг хэсэг шүү гэдгийг илтгэх шиг цаасан шувуу бүрийн үзүүр хэн нэгний гарт атгаастай байв. Хэр хүртэл өндөрт нисгэх нь өнөөх “хэн нэгний” л мэдэх хэрэг ажгуу.

Одоогоос яг нэгэн зууны өмнө буюу 1913 онд Богдын Засгийн газар Дундад улсын цэргийг Өвөрмонголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээсэн нь нэгэн цусны тасархайг нэгтгэх гэсэн эцсийн томоохон оролдлого байсан. Тэмдэглэлт ой ч биш, тэмцээд бүтсэн ч биш, энэ өдрийн тухай хөндөн яриа дэлгэхийг тэнд миний уулзсан хүмүүсийн хэн нь ч хүсээгүй. 27 настай Тэнэгэр (хожим элдэв асуудал үүсэх вий гэж түүний нэрийг өөрчлөв. Тэнэгэр гэдэг нь эндхийн эрчүүдийн түгээмэл нэрийн нэг) энэ тухай яриа дэлгэхээс бүр ч дургүйлхэнэ. Чухам энэ сэдвээр яриа өдөх гэснээс болж бидний эхний уулзалт хоёр цаг ч бололгүй өндөрлөсөн. Арайхийн дахин уулзахаар ятгаж дөнгөхөд тэр хэд хэдэн дүрэм тогтоох хэрэгтэй гэдгийг надад сануулан зөвлөв. Тэдгээрийн нэг нь өөрийг нь болон бусад угсаа нэгтнийг нь Өвөрмонгол гэж дуудахгүй байх! Албан ёсны бичиг болон босоо монголоор бичсэн албан газрын хаяг сэлтэд Өвөрмонгол гэж бичсэн байх боловч энд тэд өөрсдийгөө монголчууд л гэдэг. Хятадууд мөн тэгж нэрийднэ, гадаадынханд өөрсдийгөө танилцуулахдаа ч монгол хүн л гэнэ. Ер нь биднээс бусад нь тэднийг хил хаяагүй боддог ажээ.

Жишээ нь, “The Economist” сэтгүүлийн энэ сарын 13-ны дугаарт “Mongol miracle” нэртэй нийтлэл гарсан нь чухам энэ бүс нутгийн эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн тухай байв. Мөн Германы “Membran media”-гаас гаргадаг улс үндэстнүүдийн дуу хөгжмийг дэлхийд сурталчилсан “Portrait” цуврал цомгийн хавтаснаа нэгэн өвөрмонгол эмэгтэйг “The Magical voice from Mongolia” гэж бичсэн байсныг ч харсан. Өнгөрсөн жил Ордост болсон “Дэлхийн мисс” шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнийг тэд аль болох л монгол уур амьсгалтай болгох гэж хичээсэн нь оролцогчдод монгол үндэсний хувцас өмсгөн зураг авалт хийж, Чингис хааны онгоныг үзүүлэн, морьтой эрчүүд тосон авч, монгол гэрт оруулсан зэргээс харагдаж байлаа. Энэ тэмцээнийг дэлхийн тэрбум гаруй хүн үзсэн гэж www.missworld.com цахим хуудаст тэмдэглэжээ. Тэдний тэн хагас нь биш юм аа гэхэд гуравны нэг нь Ордосыг Хятадын нэг хэсэг биш, Монгол орных гэж бодсон байх тун магадтай. Фэйсбүүкээр дамжуулан танилцсан хэд хэдэн гадаад найз маань тэр үед “Танай орон Дэлхийн мисс тэмцээнийг зохион байгуулна гэдэг том амжилт шүү” гэж эндүүрсэн талархлын үг илгээж байсан нь санаанд буув. Үнэн гэхэд хэцүү, үгүйсгэж яагаад ч болдоггүй зүйл гэж бас бий ажээ. Хил гэх хэцэлсэн хэдэн төмөр сараалжны цаана, наана монгол гэх нэрийг дамжлан оршиж буй хоёр орны хувь заяа ийм нэг ойлгоход бэрх утга тээж хэдийнэ хагас мянганыг үджээ.

“Википедия” цахим нэвтэрхий тольд Өвөрмонголын түүхийн талаар бичихдээ “Монгол үндэстний нутаг анх Хятадын харьяанд байсангүй...” гэх өгүүлбэрээр эхэлдэг. Тэгээд бидний хэдийнэ мэдэх түүхүүдээр баяжин цааш өрнөнө. Харин Тэнэгэрийн хувьд энэ дээр бичсэн бүхэн шинэ соргог байгаа нь илт. Учир нь дунд сургуулийн түүхийн номд нь Монголын тухай ердөө хоёрхон хуудас л байсан гэж тэр дургүйцсэн байдалтай хэлсэн. Тэнд нь Чингис хааны байлдан дагуулалтын талаар хэдэн өгүүлбэр байхаас хэтрэх гүй аж. “Манай Монголын түүх Хятадынхаас ч агуу. Эхнээс нь бүгдийг үнэн мөнөөр нь бичвэл Монголын түүх бүх хуудсыг нь эзлээд, Хятадынх нь харин хоёр хуудас ч хүрэхгүй байх даа. Fuck!” (тэр хятадуудын талаар дурсах болгондоо энэ үгийг хэлж байлаа.) гэлээ. Тэнэгэрийн олж үзээгүй Монголын түүхийн номд бичсэнээр 1634 онд Лигдэн хаан Хөх нуур руу ухарч яваад Ганьсуд өвчнөөр нас эцэслэсний дараахан нь Манжийн Абахай хаан өөрийгөө Монголын хаанаар өргөмжилж, Хөх хотыг эзэлснээр Өвөрмонгол Чин улсын мэдэлд шилжсэн байдаг. Өөрийн мэдэлгүй хоёр хуваагдсан монголчууд тусдаа оршсоор сунайсан урт гурван зуун жилийг үдсэн боловч 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэхтэй зэргэцэн Ар, Өвөрмонголчууд эргэж нийлэх тэмцэл хийсэн ч их гүрнүүдийн эсрэг яаж ч чадаагүй. 1915 оны Монгол, Орос, Хятад гурван улсын хооронд байгуулсан Хиагтын гэрээгээр Ар, Өврийг нийлүүлэх төлөвлөгөө үгүйсгэгдэж, тэгсгээд намжсан билээ. Үүнээс гучин жилийн дараа дахин бослого гарч, Өвөр монгол Монголын цэргийн мэдэлд түрхэн зуур тогтнож байсан ч Мао Зэдуны хүчинд дахин автаж, үүнээс хойш том, жижиг тэмцэл гарсан тухай ямар ч мэдээлэл түүхэнд үлдээгүй байна.

Одоо бол манай улсын нутагтай дүйх хэмжээний тал газар, ӨМӨЗО-нд 22.4 сая хүн аж төрж буйн 20 орчим хувь нь буюу дөрвөн сая гаруй нь монгол үндэстэн гэжээ. Монголоор ярьж, Чингис хаан, хөх тэнгэртээ сүсэглэдэг нь өнөө ч хэвээр тэд биднээс хөгж лийн хувьд ч, эдийн засгийн талаар ч хувь илүү болсныг гэрчлэх зүйлс тэнд олон бий. Хамгийн энгийн жишээ гэхэд “McDonalds”, “Starbucks” тэнд манайхаас өмнө бууриа засаж, өндөр барилга, өргөн замууд эрээлжилж, эрдэс баялгийн нөөцөөр дэлхийг гайхашруулж, аварга бүтээн байгуулалт, тал нутгийг нь үзэх гэж жуулчид сая саяараа очих болжээ. Зөвхөн Ордост байх Чингис хааны онгоныг үзэх гэж жилдээ дөрвөн сая жуулчин очдог гэсэн тооцоо ч байх аж. Гэвч Өвөрмонгол гэх боловч хүн амынх нь дийлэнх нь хятадууд болсон учраас эндээ цөөнхийн тоонд орж буй уугуул монголчууд энэ бүх сайхан мэдээнд нэг их догдолдоггүй. Харин ч эх нутагтаа эзэн сууж, эрх чөлөө гэх хамгийн үнэт баялгийг хүртэж буй бидэнд тэд битүүхэн атаархдаг. Өвөрмонголоос дэлхийд хамгийн их танигдсан дуучин болох Цахар Тугчийн Урнаа гэх бүсгүй 2005 онд Монголд ирэхдээ “Өвөрмонголчуудад нэг л мөрөөдөл байдаг. Тэр нь Ар Монголд очих үзэх юмсан гэж” хэмээн ярилцлага өгсөн байж билээ. Тэр Германы иргэн болсон хойноо л Монголын хилийн дээсийг алхаж, олон сая өвөр монголчуудын мөрөөдлийн газар хүрч ирээд ярьсан нь энэ. Харин түүнийх шиг боломж хүн бүрт олдохгүй учраас дээрх өгүүлбэрийн утга тэнд өнөө хэр үнэ цэнэтэй хэвээрээ.

Өвөрмонголд очихдоо би зам зуур унших гэж хэд хэдэн ном, баримт, мэдээлэл зэхэж явсны дотор МУИС-ийн Утга зохиолын ажилтны төгсөх ангийн оюутан Б.Ариунтуяагийн “Зүрхэндээ хилгүй ах дүүсийн нутгаар” нийтлэл байсан юм. Оюутан солилцоогоор тэдний ангийнхан өнгөрсөн жил Хөх хотод очиж, Өвөр монголын их сургуулийн дотуур байранд сар шахам амьдарч, хичээллэсэн аж. Тэр нийтлэлдээ “Газрын зураг дээр бидэнд хил зурж өгсөн ч, бид зүрх сэтгэлдээ хилгүй элэг нэгтэй монголчууд. Яг энэ үгийг хэлэхдээ тэр охины хоолой зангирч сонсогдсон. Магад гүй тэр охины хоолой биш, миний зүрх зангирч байсан болохоор энэ үг нулимстай сонсогдсон байх. Энэ л үгнээс гуниг, хэн нэгнийг хэтэрхий их санасан бэтгэрэл, бас хүү гомдол мэдрэгдэж байлаа. Яагаад ч юм тэр хүмүүсийн өмнө ямар нэгэн буруу зүйл хийчихсэн юм шиг гэмшиж, газрын зураг дээрх хилээр тусгаарлагдан амьдарч байгаадаа анх удаа харамсах сэтгэл төрсөн юм...” гэж бичсэн байсан нь сэтгэл сэнсрүүлж орхиод, тэр шөнөдөө би унтаж чадсангүй. Тэнэгэрийн зөвлөснөөр “Хаяа” (Haya band) гэх нэртэй Өвөрмонголын этник хамтлагийн дууг сонсож хэвтэв. Тэдний дуунд нь,

Холын ах дүү нар маань хүрээд ирвэл

Хонон өнжин найрлаад сууна даа...гэсэн мөр байх...


ЛУУГИЙН АТГАН ДАХЬ ЦААСАН ШУВУУ:

СҮНСТЭЙ ХОТООС УЛБААТАЙ ЮМ

Цуврал нийтлэл 2

Монголын эзэнт гүрний, тэр дундаа Чингис хааны байлдан дагуулалт, түүх соёлтой холбоотой хөшөө, дурсгал энд бишгүй. Өөд өөдөөсөө харсан хоёр том морины баримал хотын яг зүрхэнд нь байх бөгөөд найман шарга морь, дайтахаар мордож буй баатар эрс, Алунгоо эхийн ачлалыг харуулсан хөшөөг тойроод тоолшгүй олон барилга сүндэрлэжээ. Өнөө мөн барилгын ажил ид үргэлжилж, эргэн тойрон хүчит машины дуу хадсан хэвээр л. Гэвч өдрөөс өдөрт өнгө засаж буй энэ буйд газар нэг л юм дутуу байлаа. Тэр нь оршин суугчид нь. Ер нь эндхийн хүмүүс хааччихсан хэрэг вэ?

Энэ бол Ордос, “Сүнсний хот” гэдгээр нь хүмүүс сайн мэдэх газар. Эндхийн сүржин, өндөр барилгууд нь нэг бол эзэнгүй хоосон, нэг бол баригдаж дуусаагүй байсан нь анхаарал татмаар. Өвөрмонголын энэ хэсэг газар зөвхөн Хятаддаа төдийгүй дэлхийд нүүрсний нөөцөөр шуугиулж асан 20 жилийн хугацаанд Ордос хот зэгсэн хөлжиж амжсан бөгөөд энэ нь БНХАУ-ын барилгын салбарын хөөс цахрах үетэй яг таарсан болохоор хэнд ч юм зориулж хэчнээн олон барилга барьсныг нь тоолох аргагүй. “Тариаланчид эзэмшил газраа уул уурхай, барилгын компаниудад зарж, түргэн хугацаанд маш их хөрөнгөжсөн. Ажлын байр хэдэн мянгаараа бий болж, орхигдож, мартагсан Ордос гэнэт л баячуудын эгнээнд шилжсэн” гэж Тэнэгэр надад ярив. Ордос явах замд тэр “Өвөрмонгол охид ордос хүнтэй суухыг мөрөөддөг” гэж хэлж байсны учрыг сая л ойлгож билээ.

Нэгэнт түргэн хугацаанд бэлтэй болсон болохоор байгалийн баялаг гэдэг шавхагддаг эд болохыг мэдэх учраас орон нутгийн удирдлага нь түрхэн зуурын мөнгөний их урсгалыг тогтоон барих гэсэндээ эхлээд аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дараа нь барилга, орон сууц барихад хөрөнгө зарцуулахаар шийдсэний илрэл энэ аж. Хорин жилийн дараа эргээд харахад энд эзэнгүй шилэн харшууд, худалдан авагчгүй дэлгүүр, хоосон оффисын барилга бүхий гял цял, цоо шинэ хот сүндэрлэн боссон байна. Эндхийн иргэд гэгдэх цөөн хүмүүс хотынхоо хөгжлөөр учиргүй бахдан баясдаг бол эдийн засгийн шинжээчид Ордосыг Хятадын барилгын салбарын хөөсрөлтийн тод жишээ болгон ярьдаг болжээ. Одоогоос ердөө 25 жилийн өмнө л Хятадын Засгийн газар иргэдээ хувийн орон сууц, байшин барилгаа наймаалцаж болохыг хуульчилсан болохоор ч тэр үү, нүүж суух “соёл”-д тэд хараахан дасаагүй байгаа нь илт. “Бид гэнэт баяжсан шигээ гэнэт л ядуурах нь. Энд хэн ч ирэхгүй байна шүү дээ” гэж тансаг зэрэглэлийн орон сууц барихад нэг сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө зарцуулсан Хуан Ли гэх бизнесмэн BBC-д ярилцлага өгсөн байсныг энд ирсэн хойноо олж үзэв.

Хятадын нүүрсний нийт олборлолтын зургааны нэгийг дангаар эзэлдэг Ордосын ДНБ нь 49.83 тэрбум ам.доллар буюу Монголынхоос бараг тав дахин их. Нэг хүнд ногдох ДНБ- ий хэмжээгээр улсдаа Бээжингийн дараа хоёрдугаарт жагсдаг. Уг үзүүлэлт 25239 ам.долларт хүрсэн нь Өмнөд Солонгос, ОХУ, Саудын Араб, Туркийнхээс ч илүү гарсан гэсэн үг. Нэгэнт энэ талаар хөндсөнийх, Өвөрмонголын Ордос хотыг өөрийн улсын Өмнөговь аймагтай харьцуулбал сонирхолтой байж мэднэ гээд тооцоо гаргаж үзлээ. Өмнөговь (101.3 тэрбум тонн), Ордос (149.6 тэрбум тонн) хоёрын нүүрсний нөөц хоорондоо тийм ч их зөрүүтэй биш. Өмнөговийн нүүрсний нөөц цаашдаа нэмэгдэх боломжтой ч гэж үздэг. Хоёул харьяа улсдаа төдийгүй дэлхийд нүүрсний нөөцөөр зуузай холбон, тэргүүнд бичигддэг хэдий ч хөгжлийн хувьд эрс тэс ялгаатай. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс энэ онд гаргасан “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-д бичсэнээр Өмнөговийн ДНБ 283 сая ам.доллар буюу Ордосынхоос 176 дахин бага, нэг хүнд ногдох ДНБ нь 3232 ам.доллар буюу найм дахин дор байх жишээтэй.

Сүүлийн арван жилд Ордос бараг дангаар шахуу Өвөрмонголын эдийн засгийг өөд татсан бөгөөд 2001 оноос өнөөдрийг хүртэл тус өөртөө засах орны эдийн засгийн өсөлтийн хурд дунджаар 17 хувьтай байсан нь Хятадын өөр ямар ч муж, хотод гүйцэгдэхгүй өндөр үзүүлэлт юм. 2009 онд Өвөрмонголын нүүрсний үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч, уг түүхий эдийн олборлолтоор улсдаа тэргүүлсэн. Одоо бол тус улсын нүүрсний нийт олборлолтын 27.8 хувийг Өвөрмонгол дангаараа хангах болсон гэж “The Economist” сэтгүүлд бичсэн байсан. Зөвхөн нүүрс гэхгүй, газрын ховор элементийн нэг болох германийгийн дэлхийн нийт нөөцийн 38 хувь нь энд бий. Энэ бүх тоон үзүүлэлтүүд хамжсаар Өвөрмонголыг ДНБ- ий хэмжээгээр Хятаддаа 15 дугаарт, нэг хүнд ногдох үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэхэд дэм болсон байх юм. Хөх хот, Ордос хотууд нь Хятаддаа нэлээн өндөр эрэмбэтэй болж ирсэн учраас яг л манай Улаанбаатар хотын нэгэн адилаар хүн амын бөөгнөрөл илтэд мэдрэгдэх болжээ. Хамгийн сүүлийн тооцоогоор л гэхэд Хөх хот, Ордост нийлээд Өвөрмонголын хүн амын тэн хагас нь аж төрж байгаа юм байна. Малчид, тариаланчид газраа уурхай, барилгын компаниудад худалдаж, бүгд л томоохон хотууд руу нүүдэллэн ирэх болсон аж.

Хүнс бараа төдийгүй цахим хуудсууд нь хүртэл эх орны бүтээл байдаг нь эдийн засгийн хувьд томоохон давуу тал болдог. Жишээ нь, энд “Google”-ийн оронд “Weibo”, Фэйсбүүкийн оронд “WeChat”- ийг хэрэглэдэг. Хятадын “Tencent holding” компанийн бүтээсэн “WeChat”-ын ажиллах горим Фэйсбүүктэй тун төстэй бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар нийт 300 сая хүн ухаалаг гар утасны уг апп-ийг ашиглаж байгаагийн дийлэнх нь хятадууд хэмээн “Forbes” сэтгүүлд бичсэн байв.

Хөх хотод сурдаг оюутан найзынхаа “WeChat”-аас Тэнэгэр хэмээх өвөрмонгол залуугийн тухай би анх олж мэдсэн бөгөөд Чингис хаан, Монголын тухай өдөр бүр мэдээлэл оруулдаг түүнийг найз маань “Их үндсэрхэг хүн байна лээ. Чи уулзах юм бол илүү их юм мэдэж авна даа” гэсэн юм. Хамгийн сүүлд л гэхэд тэр “WeChat”- даа “...Бид хэдийгээр Хятадын нутагт амьдарч байгаа боловч сүүлийн жилүүдэд манай монгол залуус босоо бичгээ хэрэглэхээ байж, эх хэлээрээ ярихаас төвөгшөөх янзтай болжээ. Ингэж болохгүй. Бид эх хэлээрээ ярьж, бичиж байх хэрэгтэй...” гэж ханз үсгээр бичсэн пост оруулсан бөгөөд түүнийг нь гуч гаруй хүн “like” дарж, нэлээд нь санал нийлсэн сэтгэгдэл үлдээжээ. Цахим хуудас битгий хэл албан ёсны бүртгэл, эмнэлгийн шинжилгээний маягт сэлтээс эхлээд бүхий л зүйл хятадаар бичигдсэн байдаг болохоор аргагүй байх. Гэхдээ тэр үе тэнгийн өвөрмонгол залуусаа бодвол крилл үсэг гадарлах учраас Монголтой холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч дөнгөөд байдаг ажээ.

Сурвалжлагын маань эхнээс л нэр нь дурдагдсан, Өвөрмонголд байхад маань олон талаар тус дэм үзүүлсэн Тэнэгэр гэх залуутай Хөх хотын төв талбайн ойролцоох нэгэн кофе шопт анх уулзахаар тохирох үед миний Монголоос авч явсан тамхи дууссан болохоор замаасаа цагаан хайрцагтай, “Nine” гэсэн бичигтэй хятад тамхи аваад дотогш орон хүлээж байлаа. Тэгтэл үсээ мөлчийтөл нь хусаж, баруун гараа чигт нь готик маягийн шивээсээр хулдсан, харваас монголжуу царайтай, ширүүн харцтай эр орж ирлээ. Дөнгөж мэндэлснээ тэр ширээн дээрх тамхи руу маань зааж, “Чи тэндээс ирсэн мөртлөө хятад тамхитай, би энд байгаа хэрнээ Монгол газрын янжууртай” гээд шоолонгуй инээснээ халааснаасаа “Marlboro”гаргаж, намайг дайлсан юм. Үнэхээр ч тэр тамхин дээр нь “Монгол Улсад худалдахыг зөвшөөрөв” гэсэн бичиг байхыг олж харав. Тамхи, цай болон зарим хүнсний зүйлийг тэр Эрээнд байдаг танилуудаараа дамжуулан захиж авдаг аж. Ер нь л тэр хятад хүнс, бараа хэрэглэх дургүй, тэдэнтэй нэг их харилцдаггүй, хятад хүмүүсийн ажиллуулдаг газраар ч үйлчлүүлдэггүй хэгжүүн нэгэн юм байх. Бидний уулзсан кофе шопийг өвөрмонгол хүмүүс ажиллуулдаг болохыг гарахдаа л би мэдэв. Ганцхан тэр биш, миний уулзсан хэд хэдэн өвөрмонгол залуус бага сургуульд байхаасаа эхлээд л хятадуудтай тааламжгүй харилцсаар ирсэн гэж байлаа. Өвөрмонголын их сургуулийн оюутан Үзэм (мөн нэрийг нь өөрчлөв) дотуур байранд нэг монгол, дөрвөн хятад охинтой хамт байдаг боловч хоорондоо мэндэлдэг ч үгүй гэж хэлсэн юм. Чухам энэ тухай, улмаар орчин цагийн өвөрмонгол залуусын амьдрал, хятадуудтай хэрхэн харилцдаг талаар болон бусад сэдвээр ярилцлага хийх санал тавихад тэр эрс эсэргүүцсэн. Зүгээр суугаад ярилцаж болно, гэхдээ ярилцлага болгон сониндоо нийтэлж болохгүй гээд байв. Өмнөх нийтлэлд дурдсанчлан, Ар, Өврийг нэгтгэн нийлүүлэх гэсэн сүүлчийн тэмцлийн тухай шалгааснаас болоод бид эхний уулзалтаа зогсоохдоо хүртэл тулсан билээ. Тэр оройноо “WeChat”-аар нь дамжуулан учирлаж, хэрэндээ баахан ятгасны эцэст тэр маргааш нь надтай дахин уулзахаар болсон юм. Ярилцлага өгөхийг зөвшөөрч юуны магад гэсэн горьдлого тээгээд маргаашийн үдээс хойш мөнөөх кофе шопд болзсон цагаасаа эртлэн ирээд хүлээлээ.

ЛУУГИЙН АТГАН ДАХЬ ЦААСАН ШУВУУ:

ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУСААС МОНГОЛ АХ ДҮҮ НАРТАА ХАНДСАН МЭДЭГДЭЛД ӨГҮҮЛЭХ НЬ

Цуврал нийтлэл 3

“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна”. (мэдэгдлийг бүрэн эхээр нь буулгав)

НЭГ: СОЁЛЫН ӨВИЙН ТУХАЙ

Сүүлийн хэдэн жил Хятадын Засгийн газраас зохион байгуулалттайгаар монгол үндэстний соёлын биет болоод биет бус өвийг сэргээн засварлах, хамгаалах гэсэн нэрээр Хятадын соёлын өв болгон дэлхийн соёлын өвд бүртгүүлэх нь ихэслээ. Үүний далд санаа нь Монгол Улсын иргэд ба өвөрмонголчуудын дунд яс хаях, үл ойлголцох, үзэн ядах үзэл, сэтгэлгээг дэврээх санаа агуулж байна гэж бид үзэж байна. Өвөр монголчууд бид хэзээд Монгол Улсдаа ээлтэйн дээр хэзээ ч соёл, түүх, шашны үнэт өвийг Хятадын гарт атгуулах санаагүй. Хятадын Засгийн газраас өөрийн ноёрхол дор байгаа өвөрмонгол, уйгар, төвд зэрэг үндэстнүүдийн соёлын үнэт өвийг албадлагаар Хятад улсын соёлын биет ба биет бус өвд татан оруулсаар байна. Одоогийн байдлаар Төвдөөс арван тав, Уйгараас арван дөрөв, Өвөр монголоос арван долоон төрлийн биет бус соёлын өвийг Хятад улсын соёлын өвд хүчээр оруулсан. Улмаар олон улсын хэмжээнд хятадууд НҮБ-ын биет бус соёлын өвийн жагсаалтад 2008 онд Өвөрмонголоос уртын дууг, 2009 онд Төвдийн цамыг Хятад улсын нэрийн өмнөөс бүртгүүлээд зогсохгүйн дээр хамгийн ичгүүр сонжуургүй нь 2009 онд монгол хөөмийг өвөрмонголчуудын нэрийг өмнөө барин Хятадын нэрийн дор НҮБ- ын биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна. Энэ бол нанхиад хүмүүсийн жинхэнэ хорт санаа, Хятад улсын ичгүүргүй бузар үйлдэл юм. Монголчууд бидний дунд яс хаяж, хагалан бутаргах зорилготой энэхүү үйлдлийг монгол хүний саруул ухаандаа тунгааж болгоомжлогтун, монголчууд аа. Иймд тусгаар Монгол Улсын эрх чөлөөт иргэн та бүхэн сонор сэргэг байж, түүх соёлын үнэт өвөө нандигнан хамгаалж, яаралтайгаар олон улсын байгууллагуудаар баталгаажуулж авна уу...”

Ийм нэгэн мэдэгдлийг энэ сарын 1-нд “Youtube” цахим хуудаснаа тавьсан байна. Үүнийг Өвөрмонголынхоо далбааны өмнө зогсоод, монгол хувцас сэлтээ өвч бүрэн өмссөн нэгэн эр өвөрмонголоор дуудан уншиж, бичлэг хийсэн байх бөгөөд өөрийн нэр усыг хэлэлгүй, харин “Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандсан мэдэгдэл” гэж ерөнхийлжээ. Дээр сийрүүлсэн нь мөнөөх мэдэгдлийн эхний хэсэг. Энэхүү бичлэгийг үзсэн нэгэн найз минь “Хойд ээж дээрээ байгаа хүүхэд төрсөн аавдаа захидал бичиж байгаа мэт...” гээд санаа алдав. Хэдийгээр дэлхий даяаршиж, интернэт ертөнц дэлхийг төвөггүйхэн нэгтгэж, хавтгай болгож буйн жишээг бид өдөр бүр хардаг ч хил гэх хэцэлсэн төмөр торны цаана аж төрж буй элэг нэгт монголчуудынхаа амьдралыг хэр зэрэг мэдэх вэ. Ер нь элэг санаж тэдний тухай сэтгэл зовнидогсон бил үү?!

Хоёр Солонгос дайтахаас наагуур болж, бужигнаж байгаа тухай манай хэвлэл мэдээллээр ойрд бишгүй мэдээлсэн. Бид ч хоорондоо санал, сэтгэгдлээ хуваалцан, хэлэлцээд байгаа. Харин үнэн начиртаа бид тэдэнтэй хувь заяаны ижилхэн эргүүлэгт бий биш үү. Солонгос улс хойд, өмнөд гэж хуваагдсан шиг бид хэдэн зууны өмнөөс Ар, Өвөр Монгол болж, хилийн хоёр талд амьдарч байна. Солонгосчуудаас ялгаатай нь хоорондоо дайсагналцан, хүйтэн зэвсэг өрөхдөө тулж өсөрхдөггүй, бид. Нэг нь тусгаар тогтнож, ардчилал, эрх чөлөөт байдлаараа Азидаа төдийгүй дэлхийд манлайлж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж, хурлыг нь нутагтаа зохион байгуулж суухад нөгөө нь хойд эхийн хүүхэд мэт дуугүйхэн, хүний эрхэнд нунж дорой оршсон хэвээр. Хэлье гэвэл их л юм байдаг байх, гэвч тэд гомдож, туньсан үгсээ ил хэлдэггүй. Харин энэхүү сурвалжлагаа бэлдэх зуур санамсаргүй танилцсан Тэнэгэр маань хоёр дахь удаагаа надтай уулзахдаа санал, бодлоо нуулгүй ярихаар шийдэн, надтай уулзахыг зөвшөөрсөн билээ.

Ам халах гэж эхлээд бид юу эсийг ярив. Тэнэгэр багаасаа л рок хөгжим сонсож өссөн гэнэ. Уугуул нутаг нь Өвөрмонголын Баруун Сүнэд. Долоон настайдаа нутгаасаа гарч, дотуур байр, айл амьтны хажуу бөөрөнд амьдарсан болохоор хөдөөгийн аж байдлын тухай нэг их мэддэггүй гэсэн. Харин долоон настай хүүг рок хөгжимд чухам юу дурлуулсныг асуухад,

“Рок бол энэ дэлхийн хамгийн сайхан хөгжим. Хүнийг төлөвшүүлж, үзэл бодлыг нь ч хурцалдаг. Хөгжим гэдэг зөвхөн чихээр сонсож, түрхэн зуур хөгжөөд өнгөрөх юм бус. Дууны сонголтод нийгэм хүртэл нөлөөлдөг. Тануус хүнд рокийг тэр бүр сонсдоггүй байх. Харин эндхийн залуус маш их таалдаг. Яагаад гээч, бидний нийгэм адилгүй. Өвөрмонголчууд бидэнд хятадуудад дургүйлхэх үе дэндүү олон байна шүү дээ” гэж хэлээд тэр хэсэг чимээгүй болов. Дотор нь бугшсан уур хилэнг рок хөгжим хөглөж, бас үхүүлдэггүй амьдруулаад байдаг гэж тайлбарлалаа. Тэрбээр “Хурд”, “Никитон”, “Харанга”-ын дууг сонсдог, сүүлд гаргасан хэд хэдэн цомгийг нь татаад авчихаж. Хип хопыг ч бас дурлан сонсдог юм байна. Хөгжмийн тухай ярьж байснаа тэр нэг сонин мэдээ дуулгалаа. Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлангийн зохион байгуулсан “Хамаг Монгол” тоглолтод Өвөрмонголоос Баясгалан гэдэг залуу ирж дуулсныг та мэдэх байх. Түүнийг энд ирээд, ийм тоглолтод оролцсоныг орон нутгийн удирдлагууд нь мэдээд ихэд дургүйцсэн гэнэ. Баясгалан Өвөр монголдоо эргэж очоод л нам жим болчихсон аж.

“Баясааг хорьчихсон гэж хүнээс дуулсан. Үнэн байх. Хоёр жилийн өмнө хип хоп дуулдаг хэдэн за луу өвөрмонголчуудаа өмөөр сөн дуу дуулснаас болж шоронд хоригдоод саяхан суллагдсан” гэж тэр хэллээ. Энэ хүү тоглолтын талаарх сурвалжлага зурагтаар цацагдаж, Хятадын цахим хуудсуудад тавигдсан боловч, Баясааг нутагтаа харьсны дараа, түүний ярьсан хэсгийг ор тас хассан байсныг Тэнэгэр олж үзжээ. Хэлэх үг байтугай дуу хуур, сонсох хөгжмийг нь хүртэл цагдаж, хорьдог ийм газар амьдрах нь түүний хувьд ял, шийтгэл шиг санагддаг гэлээ ч явъя гээд хаачихаа тэр мэдэхгүй. Багадаа бол хоёр Монгол нэгдээсэй гэж хүсэж, чөлөөтэй, эрх дураараа байж болдог Ар Монгол руу очих юмсан гэж боддог байснаа нуусангүй. Одоо бол тэр ийм үлгэрт итгэдэггүй.

“Тэнэг хүмүүс л ийм юм ярьж, өөрсдөө итгэнэ. Аль дээр үеэс нэгдэж болоогүй юм чинь одоо яаж тийм юм болох вэ. Цаг хугацаа гэж нэг юм бий шүү дээ. Хэдэн зуунаар цусыг маань угаачихсан. Өвөрмонголд 13 ястан байдаг. Тэд хоорондоо эвдрэлцэж байхад Ар, Өвөр Монгол нэгдэж дийлэхгүй. Хятад соёл биднийг хэдэн зуун жил эзэмдчихсэн, танууст бол Оросын нөлөө их байдаг гэж би сонссон. Хэл нь ч өөр, соёл нь ч өөр болчихсон байхад яах юм. Ухаантай хүмүүс бол ийм юманд хөдлөхгүй. Тэнэгүүд л харин саваагүй юм ярьж, хэдэн монголчуудыгаа хөөргөөд л байдаг” гэж ихэд дургүйлэхсэн байртай хэллээ. Тэгснээ бас л хэдэн хором огт юм ярьсангүй. “Би хоёр Монгол нэгдэнэ гэдэгт итгэдэггүй. Харин өвөр монголчууд бид багахан ч гэсэн эрх чөлөөтэй болооосой л гэж хүсдэг” гэлээ.

“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна.

ХОЁР: ХЭЛ АЯЛГА

Та бүхний сайн мэдэж буйгаар Хянганы нуруунаас Алтайн нуруу хүртэлх өргөн уудам нутагт буриад, хорчин, харчин, үзэмчин, цахар, ордос, ойрад гэх мэт монгол үндэсний ястнууд өөр өөрсдийн соёл, аялга дуудлагаараа монгол хэмээх агуу соёлыг чимэн оршсоор ирсэн билээ. Өвөрмонголчууд бид босоо монгол бичгээ хадгалж, олон ялгаатай монгол хэлээр хоорондоо харилцдаг. Түүхэндээ монголчууд ийм л байсан, ийм ч байсаар байх болно. Хэл аялга бол тухайн үндэстний гарал үүсэл, байгаль орон, хэл бичгийн язгуур нэршлийг зөв хадгалан үлдэх соёлын чухал өв юм. Энэ талаар дэлхийн тэргүүлэх ардчилалтай Норвег, Швед, Дани зэрэг улс онцгой анхааран дэмжиж хамгаалдаг. Гэтэл монгол үндэстний дунд энэ нутгийн аялгыг ихэд шоолон гадуурхах нэгэн хэвшил, төв аялга руу шахах бодлого эрчимжиж байна. Энэ бол Монгол шиг их газар нутагтай, агуу түүх, соёлтой үндэстний хувьд байж боломгүй буруу асуудал юм. Бид соёлын хувьд тэлж, дархлаажуулж байх ёстой болохоос биш хямгадаж явцуу байж болохгүй. Өвөрмонголд 1990 оноос хойш монгол бага сургуулиудыг хятадууд төрийн хүчээр хааж, монгол хүүхдүүдийг хятад сургуульд хүчээр элсүүлж байна. Энэ бол өвөрмонголчууд бидний дунд маш их аюул болж, монгол хүүхдүүд эх хэлээрээ ярьж бичих нь илтдээ багасаж, аюулын дохио болж байна. Үүнийг ажигласан Өвөрмонголын сэхээтнүүд идэвхийлэн санаа санаачилга гаргах боловч тэр бүртээ Хятадын цагдаа, хүчнийхэнд баригдаж байна. Иймд үнэн бодит нөхцөлийг Монгол Улсын ах дүү нар үнэн бодитоор хүлээн авч, уужуу хол ухаан, халуун сэтгэлээр бидэнд тусална уу. Монгол Улсын сэхээтнүүд, боловсролын мэргэжлийн байгууллагууд монгол хэл, аялга, эх сэтгэхүйгээ хамгаалахын төлөө өвөрмонголчууд бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Иймд, эзэн богд Чингис хааны “Даян дэлхийг төвшитгөн засъя гэхүл даяар олон иргэдийг хураан эетүүлэхтүн. Дэлхийн хүн болгоныг эетүүлэх бол далай их сэтгэл итгэлийг олохтун” гэсэн агуу сургаалыг санахтун...”

Тэнэгэр Монголд очиж үзэх гэж их боддог, чадвал хоёр жилийн дараа явахаар төлөвлөж байгаа гэсэн. Улаанбаатарт бол өөрт нь үзэх юм байхгүй, харин хөдөө нутгаар нь явж, шавайгаа ханатал тэнэхсэн гэсэн бодолтой гэнэ. Саяхнаас хувийн бизнес эрхлэх болсон учраас санхүүгийн хувьд бэрхшээл байна гэж учирласан. Энд ирсэн монгол оюутнуудтай ойр харилцдаг болохоор Монголд очиж амарвал газардахгүй, бас ч гэж хэдэн өвөрмонгол найз нь байдаг учраас санаа зовохгүй байгаа аж. Энхээ гэж найз нь саяхан аавыгаа хагалгаанд оруулах гээд Монгол руу явсан, түүнд тамхи сэлтээс эхлүүлээд ойр зуурын монгол хүнс, бараа захисан тухайгаа ч ярив. Хятадын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар сайн хөгжсөн атал яагаад заавал Монгол руу явж байгаа юм бэ гэж асуувал “Манай найзын хоёр ч садан нь Бээжингийн эмч нарт алуулсан юм аа” гэж шуудхан хариулав. Түүний хятад хүмүүст дургүй, хятад хүнс, бараа хэрэглэхээс цааргалдаг бас нэг шалтгаан нь энэ юм билээ.

-Хятадын дуучин Гуа Шунь Сан гэх нөхрийг хараасан пост та өчигдөр “WeChat”-даа бичсэн байна лээ. Ямар учиртай юм?

-“Монголчуудад ямар ч урлагийн мэдрэмж байдаггүй. Бээжин хотыг соёлгүй, бүдүүлэг хүмүүс их ургүй байгуулсан” гэж тэр нөхөр ярьсан байна лээ. Бээжин хотыг манай Хубилай хаан байгуулсан биш юм уу. Бид нар их эгдүүцэж, манайхны зарим нь тэр хүнтэй уулзаж, хатуухан ярина гээд л сагсуураад байгаа. Утас, машиных нь дугаарыг олчихсон, гэрийнх нь хаягийг ч мэдэж авсан байна лээ. Харин саяхан анх удаа хятад хүн өөрийн улсаа харааж ярьсан нэвтрүүлэг би үзсэн. Тэр ярихдаа, “Хятадын урлаг гэж юм байгаагүй, бидний өөрийн гэж өмчлөөд байгаа бүхний ихэнх нь нутгийн захаас, жижиг үндэстнүүдээс авсан юм” гэсэн. Тийм шударга хятад хүнийг би урьд нь хараагүй. Мөн тэр хүн хятадууд яг жоом шиг, хаа явсан газраа хүмүүст доромжлуулж, ад шоо болдог гэсэн байсан.

-Овоо зоригтой хүн юм гээч.

-Гэтэл одоо хятадууд ч биднийг соёлгүй гэж доромжилж байна. Ёстой нэг тоглож байгаа юм шүү, “Fuck!”. Хятадууд гэхдээ хулчгар. Залуучууд нь монголчуудыг хараад шээсгүй болтлоо айдаг шиг засаг нь монголчуудыг нэгдэхээс үхтлээ эмээдэг. Нэгдвэл Хятадыг байтугай дэлхийг самарна гэдгийг мэддэг болохоор тэр байх. Даанч одоо тийм юм байхгүй биз дээ. Намайг оюутан байхад оюутны хотхонд өвөрмонгол найман оюутан суудаг ганцхан дотуур байртай, бусад нь бүгд хятадууд мөртлөө биднээс үхтрээ айдаг байсан. Бид нар руу төв сайхан харцаар харахгүй бол зодуулна, нэг юань өгч арван юанийн юм захичихаад, хариулт нь авчраарай гэхэд хятад оюутнууд юу ч хэлэхгүй аваад л ирдэг. Гоё байлаа. Одоо харин тийм юм байхгүй болсон шиг байна. Нэг удаа манай дотуур байранд цагдаагийнхан, “Одон” телевизийн сурвалжлагчид ирээд, бөөн юм болсон. Монголчууд даварч байна гээд л... Бид хэдий цөөхүүлээ ч гэсэн монгол хүн бүрийн дотор оргилсон их омголон чанар байдаг. Тэрийг бид бий болгоогүй, цуснаасаа заяасан юм. Гэвч монгол хүний уг сүнс нь алга болсон шиг санагддаг. Ар, өвөр ялгаагүй.

-Таныг монголчуудтай ойр байдаг, цахим хуудсаар дамжуулан үндсэрхэг юм ярьдаг гээд цагдаа, цэргийнхэн мөрдөж, хавчдаг уу?

-Би тэрнээс айдаггүй ээ. Харин ганц л юмнаас айдаг. Тэрийг гэхдээ хэлчихвэл би Ар Монголд очиж чадахгүй болчихно. Миний өөр бас юунаас айж байгааг чи мэднэ үү. Хүүхэдтэй болчихвол ийм нийгэмд, энэ газар яаж түүнийгээ өсгөнө дөө гэж. Би ойрд энийг л бодож байна, хариу нь даанч олдохгүй юм. Өвөрмонголд төрсөн нь нэг талаар миний хохь гэлээ ч би үхэж бас болохгүй. Энэ газрыг, хятадуудыг үзэн яддаг ч гэлээ энд амьдраад байдгийн маань учир ийм...Fuck!

“Өвөрмонгол залуусаас Монгол Улсын ахан дүүстээ хандаж дараах мэдэгдлийг хийж байна.

ГУРАВ: БАЙГАЛЬ ОРЧИН БА НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ

Өнөөдөр Өвөрмонголын 4.5 сая монголчуудаас 1.1 сая нь мал маллаж, монгол ахуйгаар амьдарч байна. Гэвч тэдний амьдарч байгаа орчинд, малын бэлчээрт хятадууд ихээр халдаж, тариалангийн талбай болгон, суурин газар руу шахах зэргээр өдрөөс өдөрт дарамталж байна. Хятадууд Өвөрмонголын газар нутгийг бүрэн судалж, дэлхийд нэр бүртгэгдсэн 140 гаруй нэр төрлийн ашигт малтмалаас 100 гаруй зүйлийнх нь байршил байрлал, нөөцийг тогтоож, богино хугацаанд ухаж, дээрэмдэх гэж улайран шунаж байна. Өвөрмонголд 13 газарт газрын тос, байгалийн хий олборлож, 860 гаруй уурхай ашиглаж, газрын ховор элемент, алт, төмрийн хүдэр, зэс, мөнгө зэргийг олборлож, тэр хэмжээгээр байгаль, бэлчээр, газар нутгийг урьд өмнө байгаагүйгээр устгаж байна. Үүнийг дагаад Өвөрмонголын олон газар химийн болон хүнд үйлдвэр, цахилгаан станцууд олноор баригдаж, агаарын бохирдол, ундны ус хөрсний бохирдол, цөлжилт, хятад иргэдийн шилжин суурьших нь гамшгийн хэмжээнд хүрч байна. Хятадын цагаачдын тоо 30 сая хол давсан. Цаашид Өвөрмонголын 100 гаруй км талбайгаас 200 тэрбум тонн нүүрс олборлоно гэж шуналтаж байна. Энэ хэмжээгээр монгол соёл ахуй, удмын сан бохирдож, монгол хүн монгол нутагтаа тайван, эрүүл суух боломжгүй болж байна. Энэ гамшгийг монгол нутгийн ард түмэн минь бүү давтаарай. Хятадуудын шуналаас болгоомжлохтун. Уул уурхай, ус мөрнөө ухаалгаар ашиглаж, байгаль орчин, монгол ахуйгаа хайрлан болгоомжтой байгаарай. Өчигдрийн өвөрмонголчуудын үзсэн туулсан зовлон өнөөдөр Монгол Улсыг дайрч болохгүй. Монгол хүний гал голомт эрүүл оршиж, монгол хүний мэлмий ухаан саруул цэлмэг байх болтугай. Монгол Улс нь нийт монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, тусгаар тогтнолыг монгол цусаараа даллан дуудаж, итгэл сэтгэл, зүтгэлийг үзүүрлэн ирлэж, монгол түмнээ нэгтгэн нэгдүүлэх болтугай.

2013 оны тавдугаар сарын 1.

ЛУУГИЙН АТГАН ДАХЬ ЦААСАН ШУВУУ:

ЧИНГИС ХААНЫ ТАЙЛГАД ОРОЛЦСОН НЬ

Цуврал нийтлэл 4

Өвөрмонголын их сургуулийн багш Мөчирийн албан тасалгаанд Чингис хааны зурагтай 2006 оны хуанли байв. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг энд нижгэр тэмдэглээгүй ч, үлдэж хоцорсон эд нь энэ. Хуанлийн тоо өөрчлөгдсөн ч утга санаа нь бол хэвээр гэдгийг илтгэж байгаа юм аа гэж тайлбарласан. Эндхийн бусад өвөрмонгол хүний нэгэн адилаар тэр үгэндээ их харам. Харин удахгүй Ордост байдаг Чингис хааны онгонд Эзэн хааны тайлга тахилга болно, тийшээ очоод үзээрэй гэж зөвлөсөн. Ер нь тэнд таарсан өвөрмонгол хүмүүс болзоот энэ өдрийн тухай л яриад байсан нь сонирхол татаж, Тэнэгэрийг дагаад Ордос хот руу зам шулуудлаа.

Ордост Их эзэн Чингис хааны тайлгыг жилд дөрвөн удаа хийдгийн нэг болох Цагаан сүргийн тайлга гээчийг хаврын сүүл сард хийдэг бөгөөд 99 цагаан гүүний сүүгээр цацал өргөдөг уламжлалтай аж. Уг тайлгад бэлтгэх гэж ёс төгөлдөр юм болдог бөгөөд урьд Цагаан сүргийн тайлга сар гаруй үргэлжилдэг байсан тухай мэдээ ч бий. Тайлга 09.00 цагт болно гэсэн учраас бид яг цагтаа очтол тэнд хэн ч байсангүй. Ганц нэгхэн жуулчин холхиж байхаас биш, тэрх үү том цогцолбор бүхэлдээ эзэнгүй шахам байсанд гайхаж, хүнээс учрыг асуутал мөнөөх тайлга Чингис хааны “жинхэнэ” онгонд болж байгаа, та буруу газар иржээ гэв. Энд хоорондоо км хүрэхгүй газар хоёр ч том цогцолбор байдаг багаад Чингисийн хуурамч ба жинхэнэ онгон гэж тайлбарласан нь жигтэй санагдлаа. Цагаасаа нэгэнт хоцорсон бид яаран “жинхэнэ” онгон руу очиход өвөрмонголчууд бүгд энд нүүгээд ирчихэв үү гэлтэй шороон түмэн хүн цугласан байхыг олж үзэв. Чингис хааны онгон байрладаг гэх ордны үүдэнд хүмүүс хоёр тал болон гудамлан зогссон байх бөгөөд зарим нь алгаа дээш харуулан, өвдөг бохирон сууцгаажээ. Тэдний дунд хятад хүмүүс ч байсан бөгөөд “Манайд Чингис хаантай холбоотой арга хэмжээ бүрд хятад хүмүүс мэр сэр явдаг юм. Тагнуул хийдэг юм байлгүй” гэж Тэнэгэр надад ярив.

Цагаан сүргийн тайлга бол эсгий туургатны хамгийн том найр, наадам гэдгийг Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын сургуулийн нэрээ нууцлахыг хүссэн багш хэлсэн. Чингис хаан 50 насны хутгийн баяраар бага зэрэг чилээрхээд хоёр сар гаруй болж сайн эдгэсэнд наян нэгэн хоногийн муу ёр төгсөв хэмээн буман сүргийн бат зэлээ татаж, 99 цагаан гүүний сүүгээр дээд 99 тэнгэрт сацал өргөж, хурмаст тэнгэрийн онгон хүлэг, өндгөн цагаан морио тасамдаж мялааснаас үүдэж, жил бүрийн хавар ийм ёслол хийдэг болсон юм байна. Ер нь Өвөрмонголын ихэнх нутагт мал аж ахуй эрхлэх нь багасаж, хөдөөгийн хүмүүс нь хот суурин газар бараадах болсноор 99 цагаан гүүний сүү олох л бэрх асуудал байдгаас биш бусдаар энэ найр наадам уламжлалт хэв шинжээ ер алдаагүй гэнэ.

Тэгж байтал монгол баатар эрийн өмсгөл агссан эр “Чингис хааны цагаан сүргийн тайлга” гэж хятад, босоо монголоор бичсэн дарцаг барьж, араас нь чанасан ууц бүхий цар өргөсөн хүмүүс мөнөөх ордон руу явж орлоо. Дотор зураг авч болохгүй хэмээж камер сэлтийг маань хурааж авав. Нууцаар зураг авах завшаан гарч юун магад гээд гар утсаа сэм халааслаад явж орлоо. Туяа гэж өөрийгөө танилцуулсан тайлбарлагч бүсгүй энэ өдөр их л завгүй яваа харагдана. Арваас илүүгүй хүнтэй бүлэг аялагчдыг дагуулан тайлбарлахдаа хүн тус бүрээс 50 юань аваад үнэн, эсвэл зохиомол нь үл мэдэгдэх түүхийг урсгаж гарна. Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан зүйлс гэж дуулга, аяга сэлтийг заахад нь тэр өөрөө ярьж буйдаа зүйлдээ итгэдэг болов уу гэж бодов. Ордны төвд Чингис хааны алтадсан баримал байх бөгөөд үүгээр орсон хүн бүр сөхөрч мөргөөд, хүж асаагаад явах ёстой гэж тэр хэллээ. Хятад, монгол гэлтгүй хүн бүр л хүж асаагаад цааш явах.

Танхимын ханыг Чингисийн байлдан дагуулалтыг харуулсан зургаар чимсэн байх бөгөөд зарим нь их л хятаджуу төрхтэй харагдсан нь хаана байгааг минь дахин нэг сануулсан. Чингис хааны онгон Өвөрмонголд байдагт манайхны ихэнх нь дургүйлхдэг нь нууц биш билээ. Бидний ойлгодгоор онгон гэдэг нь хүнийг нутагшуулсан газар гэсэн утга заана. Харин тайлбарлагч бүсгүй хэлэхдээ “Чингис хаан аян дайнаа үргэлжлүүлж явах зуураа энэ газар ирээд нас барсан хойно намайг энд нутагшуулаарай гэж байсан тухай түүхэнд бичсэн байдаг. Дараа дахин Ордост ирэхэд нь ташуур нь уначихсанд “Тэнгэрийн таалал буюу. Намайг энд үлд гэлээ” гэж хэлжээ. Тийм учраас өвөрмонгол ард маань энэ газрыг Чингис хааны сүнс нь оршсон газар гэсний учиртай” гэлээ. Онгон нь бус сүнс нь хоргодсон газар болж таарлаа. Ер нь хятад хүмүүс үгээр тоглохдоо гаргууд гэдгийг бараа, бүтээгдэхүүн сэлтээс нь ч бид бэлхнээ мэдэх билээ.

1930-аад оны үед Хятадын газар нутгийн ихэнх нь япон цэргүүдэд эзлэгдэх үед Чингисийн онгон эвдэрч, сүйдэхдээ тулсан тухай Тэнэгэр надад ярьсан бөгөөд хожим Хэрээд Шаралдай гэж өвөрмонгол эрдэмтний бичсэн “Чингис хааны онгон шүтээний тайлга, тахилга” номноос бүрэн түүхийг нь олж авлаа. Тэрхүү номд бичсэнээр Японы цэргүүд тэр үед Эзэн шүтээнийг авч явъя гэсэнд дархдууд эрс эсэргүүцэж, дайн самуун дуустал Хятадын умард хэсэгт түр шилжүүлсэн түүх байдаг аж. Энэ бүхэнд Хятадын Засгийн газар ихээхэн дэмжлэг үзүүлсэн бөгөөд тухайн үед гаргасан тушаалд нь “Эзэн шүтээнийг хаана аваачсан ч зохих тооны сахиж хамгаалах дархад хүмүүс дагалдан явна. Үүнийг огт хориглож болохгүй. Шүтээн хаана ч очсон тайлга тахилгыг осолдолгүй хийлгэж, аливаа зардлыг Засгийн газраас ханган олгох хэрэгтэй. Нүүлгэж шилжүүлэхдээ монгол зан заншлаар бэлгэ ёсыг бүр гүйцээж, зам тутам олон монголчуудын тайж тахих, мөргөх шүтэхийг харгалзаж, хүндэтгэх ёстой” гэж бичсэн байв. Энэхүү нүүлгэх явцыг нүдээр харсан хүмүүсийн бичсэнийг тухайн үеийн “Аянчин” сэтгүүлд бичихдээ Чингис хааны онгон шүтээнийг олон монголчуудын нулимсан далай дундуур Эзэн хороон дахь ариун голомтоос нь салган авч явсан билээ” гэжээ. Одоо бол энэ газар жуулчдын болон өвөрмонгол хүмүүсийн бөөнөөрөө цугладаг нэг газар болсны дээр жилдээ дөрвөн сая гаруй хүн ирдэг гэж Туяа маань хэлэв.

Энд монгол хүмүүсийг үнэгүй, харин хятад болон гадаадын жуулчдыг 100 юанийн тасалбар олгож, оруулдаг юм байна. Очсон даруйд өвөрмонгол хүн бүрийн зааж, хэлээд байсан мөнөөх Чингис хааны цагаан сүргийн тайлга нь 99 цагаан гүүний сүүг тэнгэрт өргөж, ордны өмнө зэхсэн овоог гурвантаа тойрсноор өндөрлөв. Сүүлд бодоход энэ ёслол нь олон аймаг монголчуудыг нэг дор цуглуулахад үнэ цэн нь оршдог бололтой. “Энд ирсэн ар монгол хүмүүс их сонин хачин юм асуудаг. Гэтэл бид салан одохоос урьд энэ газар Монгол гүрний л нэг хэсэг байсан шүү дээ. Юунд хүрэн бөөртэй мэт загнацгаадгийн учрыг би ойлгож дийлдэггүй” гэж Туяа хэлсэн. Тэр энд таван жил ажиллаж байгаа бөгөөд өвөрмонголчууд голцуу ирдэг энэ газарт ажилладгаа бэлгэ ерөөл гэж боддог юм билээ. Өвөрмонголд Чингисийн онгоноос гадна Хөх хотод Чингис хааны нэрэмжит авто зам, мөн “Чингисийн сүм” гэх газрууд бий. Чингисийн сүм хэмээсэн тэрхүү газар биднийг очиход түр засвартай байсан бөгөөд монгол гэрийг дуурайлгасан бөөрөнхий барилгыг бүхэлд нь Чингис хааны хэлсэн үгсийг босоо монгол бичгээр таталган сийлж чимжээ. Тэрх үү бичгүүдийн дунд “Эвдрэх учирт нь эвийн зүйг эр, алалдах дайсан дор арга мэхийг хэрэглэ” гэсэн үг байв.

ЛУУГИЙН АТГАН ДАХЬ ЦААСАН ШУВУУ:

НЭГ АЛХМЫН ЗАЙ

Цуврал нийтлэл 5

Аяндаа мэнд л явсан уу даа, нутгийн салхи сураггүй ээ

Ар л нутагтаа сууна уу даа, хэзээ л ирэхийн бол доо хө...

Эргээд бодоход энгийн л нэг мөрүүдэд эгээ бидний түүх бүрэн бүтнээрээ багтсан мэт санагдана. Өөрийнх нь утсан дээрх олон зуун дуунуудаасаа Тэнэгэр надад энийг онцолж сонсгов. Өвгөн болсон аав нь дуулж суугаа бичлэгээс энэ л мөрүүд л зүрхэнд үлджээ. Тунирхал ч үгүй, нулимс ч үгүй дуулах нь... цагийн цааз гэгч үл дийлдэх хүчний нөлөө байлгүй.

Дэлхийн түүх гэдэг дайны л түүх байдаг. Эзэлж эзлэгдэх, салж нийлэхийн орчилд элэг холдох, эргэж хэзээ ч нийлэхгүйгээр одох, эс бөгөөс газрын хөрснөөс бүрмөсөн арчигдсан эх адаггүй түүхийн нугачаанд эцэс төгсгөл гэж байх биш. Хоёр Солонгос өөр хоорондоо хүйтэн зэвсэг агсаж хүнийрхэж байхад, хоёр Судан салан тусгаарлахыг илүүд үзээд, хүсэл ёсоор нь болж хөөрцөглөж суухад, хорвоогийн бөөрөнд хөрс нь нийлсэн ч, хилийн зураасаар хоёр талд хуваагдсан хоёр Монгол хэл ч үгүй, тэмцэл ч үгүй чимээгүйхэн дүнсийх юм. Дээр хөхрөх тэнгэрт, дотор цохилох зүрхэнд, элэг санах сэтгэлд л хил байдаггүй нь яамай.

Хэлж болохгүй үг гэж байдаг. Хэдий иймийн учрыг мэдэх байтал хэлэхгүй бол болохгүй үе ч гэж бас бийсэн. Тэнд байхдаа сонссон дуу бүрийг эргээд бодоход тэсэлгүй тэд дуундаа л үгээ шингээдэг юм уу даа гэж бодов.

Өндөр өндөр уулан дээр гарвал эзэн хаанаа санана

Яагаад саналаа гэвэл, эзэлж явснаа санана...

Хувь тохиол ч юм шиг, бас хувь тавилангийн эз ч юм шиг, Тэнэгэрийн нутаг болох Баруун Сүнэд Ар Монголтой хил залгаа байдаг. Монголын үнэртэй салхи гэдэг дууны үг мэт тэндхийн хүмүүс энэ нутагт суудагтаа таатай. “Намайг багад ийм явдал болж билээ. Нутгийн ах маань эхнэртэйгээ муудалцсандаа бачуураад бага зэрэг гашуун юм амсаад хойшоо чиглээд алхчихаж. Тэгсэн өөрөө ч мэдэлгүй Монголын хил даваад, цэргүүдэд баригдан хоёр сар хэртэй шоронд суусан юм. Манай радиогоор мал хуй л хил давсан гэж сонсогддог болохоос биш хүн гараад явчихсан гэж ёстой дуулддаггүй байсан үе болохоор манайхан гаднаа шоолон тохуурхаж байсан боловч дотроо атаархаж байсан ч байж магадгүй. Тэр жил, 1980-аад оны дундуур танай нутагт нэг их зуд болоод, баахан зээр манай нутаг руу ороод ирдэг юм байна. Амьтад хэл, хил гэж мэдэхгүй болохоор Монголын нутагтаа ороод ирлээ гээд аав маань бэлгэшээж байсан юм. Тэгтэл манайхан учиргүй хядаад дуусгадаг байгаа. Би бага жаахан байсан учраас уйлаад л байснаа санадаг юм” гэж Тэнэгэр хууч дэлгэлээ. Тэгснээ, “Ганцхан алхам”... гээд тэр санаа алдав. Ганцхан алхам. Зээр хүртэл хэл үггүй даваад гарчихаж болдог тэр хэцийг Тэнэгэр хэрэв давбал шоронд суухаа мэднэ. Уудам дэлхийд түүнд гишгэх газар мундахгүй ч хүсэлд нь хөтөлж, хүлээсээс нь салгах тэр алхмыг хууль, хил хоёр зааглаж байдаг нь тоогүй.

Урьд уул, ус нь тэгширсэн сайхан нутаг байсан Өвөрмонголын талд одоо өндөр өндөр барилгууд өөр өөрөөсөө өрсөн сүндэрлэж, энэ газар урьд Монголын нутаг байсан гэдгийг батлах бүхэн устсаар л байна. Бага сургуулиудад нь дөрөвдүгээр анги хүртэл босоо монгол бичиг заадаг байсан нь байж, цөм хятад хэл дээр байх болсон гэнэ. Тийм болохоор бага хүүхдүүд эх хэлээрээ ярих нь багасаж, хятад монголоо хольж хэрэглэх болсны жишээг хаа сайгүй л харсан билээ. Бидний үеийн залуусынх нь зарим яриаг ойлгоход бэрх байсан нь ч үүнтэй холбоотой. Удахгүй түүхийн номон дээр нь байдаг Монголын талаар хоёрхон хуудас мэдээллээс өөр юм үлдэхгүй юм биш биз гэсэн харуусал төрснийг нуух юун. Гэсэн ч цаг хугацаа биднийг дөрвөн зуун жил заагласан ч гэлээ том нуурын жижиг загас болсон цөөхөн хэдэн өвөрмонголчууд эх түүхээ санагалзах юм бүхнийг үлдээх гэж их л чармайж буйг үгүйсгэх аргагүй. Энд төрийн байгууллагаас эхлээд дунд сургуулийн хичээлийн эрхлэгч нь хүртэл хятад хүн байдаг. Толгой албан тушаалд өвөрмонгол хүн суулгах нь нүдний гэм. Тийм байтал өнөө хэр Чингис хааны тайлга, тахилгыг алдалгүй хийж, туурга тусгаар бид хүртэл бусдын соёлд уусаж байхад дөрвөн зуун жил Хятадын элгэнд амьдарсан тэд босоо монгол бичгээ хэрэглэсээр ямартай ч шинэ мянганы босго давсан нь чухал юм. Харин цааш хэрхэхийг бид ч, тэд ч тааж мэдэж чадахгүй.

Найрлаж суугаад салсан найзаа битгий мартаарай

Насан багадаа хагацсан намайгаа битгий мартаарай...

Тэд урьд өөрийн, одоо бол хүнийх болсон нутагтаа юуг ч юм хүлээж л суудаг. Хэдэн зуунаар элэн сунайсан урт цаг хугацаа тэднийг хатуужуулсан болохоор хүлээж суухдаа түвддэггүй, хариу нь ирэх хүртэл яарахгүй. Ирэхгүй байсандаа ч гэмгүй ч, ядаж л хүлээж суугаа нь сэтгэлийг нь цатгадаг болохоор тэр. Нэр усаа дурьдалгүй, бас зориг гаргаж хийсэн мөнөөх өвөрмонгол залуугийн мэдэгдэлд (өмнөх дугаарт бүрэн эхээр нь оруулсан) “Өчигдрийн өвөрмонголчуудын үзсэн туулсан зовлон өнөөдөр Монгол Улсыг дайрч болохгүй. Монгол хүний гал голомт эрүүл оршиж, монгол хүний мэлмий ухаан саруул цэлмэг байх болтугай” гэсэн өгүүлбэр байсныг та санаж байгаа биз ээ. Өнөө тэдний туулж буй зовлонгоор бид даажин хийх эрхгүй, өмнө зүгт элгэн садан маань байгааг мартаж бүр ч болохгүй. Өвөрмонголчуудын хэл яриаг дооглон тохуу хийж, өөр хоорондоо бид шоглоом болгодог нь нууц биш. Яг л тэр залуугийн хэлсэн шиг Монголын үндэстэн ястнууд өөр өөрсдийн соёл, аялга дуудлагаараа монгол хэмээх агуу соёлыг чимэн оршиж буй энэ шүү дээ.

Эндээс гарахад урт ч юм шиг санагдаж байсан өдөр хоногууд нүд ирмэхийн зуур улирч, эргээд эх орон руугаа буцах хугацаа ч болов. Тэнэгэр энэ өдөр ажлаа орхиж, намайг суулгаж өгнө гэсээр нисэх онгоцны буудал руу хамтдаа явлаа. “Чи энд ахиж ирнэ үү” гэж асуухад нь “Тэгнэ ээ” гэж ам өглөө. “Дараа ирэхэд чинь чамайг Сүнэд нутгаараа дагуулж явна аа. Харин чи намайг хэзээ нэгэн цагт Монголд очвол хөдөө нутгаар хэрэг гарган дагуулж явна шүү”. Хэзээ нэгэн цагт... Хэзээ нэгэн цагт бид дахиад уулзана, харин тэгэхэд бүр олуулаа байвал, бүх монгол нэгдэж, бүрэн мэнд болбол сайхан аа. Нэг алхмын зай, нэг л алхам...

Аяндаа мэнд л явсан уу даа, нутгийн салхи сураггүй ээ

Ар л нутагтаа сууна уу даа, хэзээ л ирхийн бол доо хө... (Өвөрмонгол ардын дууны хэсгээс...)

Энэ сурвалжлагыг бичихэд тусалсан хүмүүст чин сэтгэлийн гүнээс талархаж буйгаа илэрхийлье. Тэндхийн өвөрмонголчуудтай холбож өгсөн Өвөрмонголын их сургуулийн оюутнууд болон өөрсдийн амьдралын тухай үнэн төрхийг, үзэл бодлоо цааргалалгүй илэрхийлж, цаг гаргаж байсан ярилцагчиддаа баярлалаа. Тэр дундаа хэдий хожим ямар нэгэн эрсдэл үүсэж магадгүй гэдгийг бидний хэн хэн маань мэдэж байсан ч сэтгэлийн үгээ нээхээс эмээгээгүй, сурвалжлагын турш хамт байж тусалж, дэмжиж байсан Тэнэгэр танд талархаж буйгаа хэлье. Салхи биднийг хөтөлж байдаг болохоор энд мэнд уулзаж, чиний мөрөөддөг, чиний төсөөлдөг, чиний зүрх хамт байдаг Монгол эх орноор хамтдаа аялж, элгэн садантайгаа уулзах өдөр удахгүй гэдэгт итгэнэм.